ДУНДГОВЬ: Ц.Түмэндэмбэрэл: Гэртээ буудайгаар тарьж ургуулсан ногоон тэжээлээр малаа тэжээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-20 17:50:18
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Бага газрын чулуунд өвөлжиж буй малчин Цэдэв овогтой Түмэндэмбэрэл зудын гамшгийн эрсдэлийг даван туулахын тулд өвөрмөц аргаар малаа тэжээж байгаа төдийгүй нутгийнхаа иргэдэд туслах зорилгоор хандивын аян өрнүүлжээ.

Түүний мал тэжээх туршлага, хандивын үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.


-Өвөлжилт, малчин өрхүүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай нутагт хаваржилт хүндэрч байна. Байгалийн зудад мал, хүнгүй зутарч цаг хэцүү байна. Гуу жалганы цас 50-80 см, талдаа 8-12 см байна. Манай энэ хавьд 27 айлын дунджаар 15 мянга гаруй мал өвөлжиж байгаа.

Ямаа хээл хаяж байна. Ерөнхийдөө малын хорогдол их байгаа, манай 1 адуу, 5 борлон, 3 эм ямаа хорогдсон. Бусад айлтай харьцуулахад малын хорогдол байхгүйтэй адил байна.


-Танай өрхийн хувьд малын хорогдол бага байгаа нь онцлог байна. Туршлагаа хуваалцах уу?

-Малаа тэжээж байна. Гэртээ саримс, улаан буудайн соёолж бага багаар тариалж, тэжээлтэйгээ хольж өгч байгаа. Соёолжийг тариалах боломж малчин бүрд байна. Манайх намар ундааны саванд таанын дарш бэлтгэж авсан. Энэ их үр дүнтэй байна. Өдөрт нэг савыг тэжээлтэйгээ хольж өгдөг. Таанын дарш болон тарьсан соёолжоо мөн адууны халтар хомоолыг тэжээлтэй нь хольж өгч байна. Хороогоо битүүмжилж, цас орохооргүй болгосон. Гэхдээ л мал аясаараа муудаж байна.


-Хүн хүч, түлээ түлш хэр байна вэ?

-Манайх гурвуулаа, 500-гаад малтай. Уг нь 200 гаруй мал төллөх байсан. Түлээ түлш хомс, зөөврийн нүүрс авч түлдэг болохоор зам битүүрч, түлшээ авч чадахгүй байна.

Манай энэ хавьд хүн хүч дутагдсан айлууд бий. Хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй, нялх хүүхэдтэй айлууд ч байгаа. 


-Нутгийнхаа малчдад туслахын тулд хандивын аян өрнүүлсэн байсан, хүмүүс хандаж байна уу?  

-Одоо хавар цаг нэгэнт хүндрэх нь ойлгомжтой боллоо. Малчид маань сум, аймаг явж өвс тэжээлээ татаж чадахгүйд хүрч, ядарч байна.


Тийм болохоор ядаж тэдэндээ туслахсан гэсэн сэтгэлээр хандивын үйл ажиллагааг эхлүүлсэн. Манайх зундаа жуулчин хүлээн авдаг. Гэрээтэй жуулчны компаниуд захидал бичсэн. Аялал жуулчлалын холбооноос тусламж үзүүлэх талаар яригдаж байгаа гэж сонссон. Удахгүй хариу ирэх байх. Орон нутгийн малчдаас санаачилга гарсан болохоор хүмүүс сайн дэмжих байх гэж найдаж байна. Малчдынхаа хүнд байдлыг хараад зүгээр сууж чадсангүй, ийм ажил эхлүүлээд явж байна.


-Жуулчин хүлээж аваад удаж байна уу, аялал жуулчлалыг мал аж ахуйтайгаа хэрхэн хослуулдаг вэ?

-“Бага газрын хүрээ” гэр кэмп ажиллуулаад 22 жил болж байна. Хамгийн анх “UB guesthaus”-тай хамтарч ажиллаж эхэлсэн бол одоо аялал жуулчлалын олон компанитай гэрээ хийж хамтран ажилладаг.


Энэ ажилдаа би маш их дуртай. Гадаад, дотоодын олон хүнд мал аж ахуй, өв соёлоо таниулж, унд, цайгаараа дайлах үнэхээр сайхан. Уламжлалт нүүдэлчин соёлоо хадгалж, ирсэн жуулчдад тайлбарлаж, аль болох тэдэнтэй ойр дотно байхыг эрхэмлэдэг.


Ямаа сааж, гүүгээ барьж, үнээгээ сааж, цагаан идээгээ бэлтгэж, яг л байгаа бодит амьдралаа жуулчдад харуулдаг.

Аялал жуулчлал, мал аж ахуйг хослуулсан компани байгуулсан. Цаашдаа түүнийг хөгжүүлэх том мөрөөдөл тээж явна даа.


-Иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Мал маллах сайхан, малчин бид мал маллах өв соёлоо тээж яваа хүмүүс. Байгалийн энэ гамшиг бидний чадлаас давж гарсан болохоор миний бие ядаад Бага газрын чулууны малчдад туслах аян эхлүүлсэн. 1 уут тэжээл, 1 боодол өвс өгсөн ч үүнээс илүү том тус гэж юу байх вэ. 


-Ярилцсанд баярлалаа.

 

Адууны халтар хомоол: Энэ нь адууны намрын улирлын баасыг хэлэх бөгөөд шимт тэжээлийн бодис нь дутуу задарснаас тэжээллэг чанартай байдаг тул малчид түүж, малын нэмэгдэл гар тэжээл болгон ашигладаг. Халтар хомоолыг түүж, дангаар буюу малын тэжээлд хольж хэрэглэхээс гадна сонгинолог ургамал, хужир шүүтэй хольж өгвөл хаврын улирал, цагийн бэрхэд тэжээл болдог.


Адууны элэг, өөх тос: Нядалгааны үед малын ямар нэг өөрчлөлтгүй элгийг цуглуулан хөлдөөх юм уу, хатааж бэлтгээд нимгэн зүсэж, дутуу болгох эсвэл халуун тогоонд хайрч, ёотонгийн дайтай дөрвөлжин хэрчиж, түүхийгээр өдөрт 1-2 удаа өгдөг. Адууны элэг нь уураг, нүүрс ус, амин дэмээр баялаг учир эцэж, турсан эсвэл нэг наст малд гойд сайн тэжээл болдог аж. Мөн элгийг цайны шаар, өтгөн бор цай, махны шөл зэрэгтэй хослуулан хэрэглэж болдог. Адууны өөхөөр хивэг, багсармал тэжээл зуурах, өвсний нунтагтай хольж багсран доройтсон малыг тэжээхэд амархан тэнхэрдэг байна.


Шар будааны агшаамал: Зарим нутагт 500 грамм адууны өөхийг адил хэмжээний ясны үнс, 50 грамм давс, 450 грамм шар будааны нунтагтай хольж зууран үрэл болгоод төл малыг тэжээдэг бол 10 лирт сүүнд 2 кг шар будаа хийж, зөөлөн галаар буцалган агшаасны дараа сүүдэр газар хатаан нунтаглаж, хуурай сүүний оронд хэрэглэдэг туршлага бий.


Саримсны ач тус: Саримс нь малын тамир тэнхээг сайжруулж, хэвлэгийг нэмэгдүүлдэг онцлогтой. Ядарсан малд нэг хумс саримсыг өглөө, орой бүр өгснөөр мал амархан тэнхэрдэг байна.


 




Связанные новости