Зураач Х.Эрдэнэ-Очир бие даасан үзэсгэлэнгээ БНСУ-ын Тэгү хотод нээлээ
ӨВ СОЁЛ
Тэгү, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Хасааноовын Эрдэнэ-Очир абстракт чиглэлээр монгол ахуйг харуулсан "Талын анир" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ БНСУ-ын Тэгү хотын "MONA" арт галерейд гуравдугаар сарын 7-нд нээлээ.
Энэ үзэсгэлэнд тэрбээр 20 гаруй бүтээлээ дэлгэсэн бөгөөд тал нутгийн нүүдэлчдийн
ахуй, зан заншил, уламжлалыг абстракт төрлөөр харуулахыг зорьжээ. Х.Эрдэнэ-Очир хуучнаар Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1989-1992 онд уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд 2017 онд Тэгү хотод болсон Монгол, Солонгосын зураачдын хамтарсан үзэсгэлэнд оролцож
байжээ.
Зураач
Х.Эрдэнэ-Очир: Бүтээлдээ тал нутгийнхаа монгол ахуйг тусгаж, гадаадад эх орноо сурталчлах зорилго тавьсан
Олон
жилийн өмнө Солонгосын мэргэжил нэгт нөхөдтэйгөө ярилцаж, өөрийн бие даасан үзэсгэлэнг Тэгү хотод
гаргахаар төлөвлөсөн ч коронавирусний халдвараас болж хойшилсоор өнөөдөр
боломжтой цаг үе тохиож ажил хэрэг болгож байна. Би абстракт чиглэлээр уран
бүтээлээ туурвидаг. Абстракт төрөл бол аливаа зүйлийг бодитоор харуулахаас
илүү тухайн зүйлийг хийсвэрлэн сэтгэж
өнгө, зохиомжоор хослуулан илэрхийлэх өвөрмөц урлаг юм.
Бүтээлдээ тал
нутгийнхаа монгол ахуйг тусгасан. Мөн гадаад улсад эх орноо сурталчлах давхар
зорилготой байлаа. Энэ зорилгоо биелүүлсэнд сэтгэл хангалуун байна. Үзэсгэлэнг зохион байгуулахад анхнаас нь дэмжиж тусалсан Тэгү хотын Урчуудын эвлэлийн хорооны дарга асан Ким Ир Хуан, “Мона” арт галерейн дарга Квон Дэ Ги, зураач Ким Жин Хёг, зураач Ким Кёл Сү нарт талархаж буйгаа илэрхийлье гэв.
Тэрбээр үзэсгэлэндээ “Талын салхи-1,2”, “Талын эгшиг”, “Хөх ногооны униар”, “Морь”, “Талын үдэш”, “Амар тайван”, “Учрал-1,2”, “Адуучид” зэрэг олон бүтээл дэлгэжээ. Зураач Х.Эрдэнэ-Очир уран бүтээлээрээ дамжуулан аливаа зүйлд гэгээлэг хандах, амар амгалан байдал, хүмүүст аз жаргал сайн сайхныг түгээхийг хүсдэг гэж хэллээ.
Тэгү хотын Урчуудын эвлэлийн хорооны дарга асан Ким Ир Хуан: Түүний бүтээлээс өнгөний хослолыг харлаа
Монголын
зураач Х.Эрдэнэ-Очирыг одоогоос найман жилийн өмнөөс мэдэх болсон. Түүний
бүтээлээс Монгол орны үзэсгэлэнт байгаль, морь, зан заншил, өв соёлыг
мэдрэхээс гадна өнгөний хослолыг ч олж
харлаа. Түүнд уран бүтээлийн амжилт хүсэж, хоёр орны зураачдын дараа
дараагийн хамтарсан олон уран бүтээлд оролцохыг хүсэн ерөөе.
Зураач Ким Жин Хёг: Тал хээр нутаг, адуу хоёр монгол хүний чин үнэнч нөхөр нь юм гэдгийг мэдэрсэн
Холоос
зочин ирэхээр баяртай хүлээн авдаг нь дорнын
улсын соёл байдаг. Алс холын монгол орноос манай улсад ирж бие даасан
үзэсгэлэнгээ гаргаж байгаа Х.Эрдэнэ-Очир зураачийн бүтээлд адуу, хүн хоёр
хосолж байгааг харж болно. Адуу хийгээд тал хээр нутаг бол монгол хүний чин
үнэнч найз нь юм аа. Эдгээр нь тусдаа зүйл хэдий ч нэг л цул зүйл гэдгийг
тэрбээр бүтээлдээ харуулжээ. Цаашид олон улсын зураачид хамтарсан үзэсгэлэн гаргаж, олон өнгийг шингээсэн
шинэлэг уран бүтээл төрөн гарах байх гэж
бодож байна.
“Мона”
арт галерейн захирал Квон Дэ Ги: Миний төсөөлснөөс илүү сайхан бүтээлүүд
байлаа
Монголын
зураачийн бүтээлийг цахимаар нь хүлээн авч компьютер дээр үзэж байхад миний
төсөөлснөөс илүү сайхан бүтээл байсныг мэдэрсэн. Тиймээс бүтээлийг үзэсгэлэнгийн танхимд дэлгэх явцдаа
сайн сайхныг бодож дэглэсэн. Одоогийн энэ зургууд цаашдаа ямар олон зургаар
баяжиж олон нийтэд хүрэх бол гэж бодохоор сэтгэл сайхан байна.
Зураач Ким Кёл Сү: Монголын зураачийн бүтээлийг Тэгү хотын иргэдэд хүргэж байгаад баяртай байна
Бид
найман жилийн өмнө танилцаж цөөнгүй удаа
уулзаж байсан. Тэр бол хүнлэг сайхан
чанарыг өөртөө шингээсэн зураач бөгөөд бидний хамтран зүтгэгчдийн нэг, сайн найзууд юм. Монгол зураач Солонгост
үзэсгэлэн гаргахад багагүй хүндрэл бэрхшээл гардаг. Бид үүнийг хамтдаа шийдэж
чадсан. Түүний бүтээлээс тал нутгийн байгаль эх дэлхий, нүүдлийн ахуй соёл хийгээд өнгөний хослол, нарийн
мэдрэмжийг олж харсан юм. Энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнг Тэгү хотын иргэдэд хүргэж байгаад баяртай байна. Цаашдаа Солонгосын бусад хотод Монголын
зураачийн үзэсгэлэнг гаргахад бэлэн байна.
Дээрх үзэсгэлэнд Тэгү хотын зураач уран бүтээлчид болон түүний хамтран зүтгэгчид, найз нөхөд нь ирж оролцлоо. Үзэсгэлэн гуравдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, БНСУ-д хувийн
болон улсын өмчийн олон төрлийн арт галерей байдаг бөгөөд дээрх үзэсгэлэнг
дэглэсэн “Мона” арт галерей нь хувийн хөрөнгө оруулалттай юм. Цаашид хоёр орны зураачид уран бүтээлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцаж байна.
Монголын Урчуудын эвлэлийн
гишүүн, зураач
Хасаановын Эрдэнэ-Очирын бүтээл
Үзэсгэлэн:
2011 “Монголын
сайхан орноор” Монголын
Урчуудын эвлэлийн Арт галерей
2013 “Арын сайхан
хангай 90” МУЭ-ийн
Арт галерей
2014 “Намар“ МУЭ-ийн Арт галерей
2015.5-р сар “Ялалтын
баяр” Монгол-Оросын зураачдын хамтарсан үзэсгэлэн
2015.7-р сар “Төвөргөөн”
бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерей
2015.9-р сар Бээжин олон улсын VI Арт биэннал 2015
2016 Хятад, Америкийн
элчин сайдын яаманд хамтарсан үзэсгэлэн
2016 Хятад,
Өвөрмонгол, Баотао хотод үзэсгэлэн
2016 “Монголын сайхан орноор” хамтарсан үзэсгэлэн
2016 “Торгоны зам” Орос, Монгол Хятадын хамтарсан
үзэсгэлэн
2017 БНСУ-ын Тэгү хотод хамтарсан үзэсгэлэн
2017 ӨМӨЗО-ы Хөх хотод хамтарсан үзэсгэлэн
2017 Баотао хотод бие даасан үзэсгэлэн
2018 Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн
2018 “Торгоны зам” ӨМӨЗО-ы Хөх хотод Орос, Монгол,
Хятадын хамтарсан үзэсгэлэн
2019 “Ялалтын
баяр”-ын үзэсгэлэн
2020 “Намар” үзэсгэлэн
2021 Ардын хувьсгалын 100 жилийн ойн үзэсгэлэн
2021 Азийн 29 дүгээр урлагийн наадам Япон Фукуока
2022 “Тала” олон улсын үзэсгэлэн ОХУ-ын Буриад улс
Иркуск хот
2022 “Баргуджин
Токум” олон улсын
7-р пленэр ОХУ-ын Буриад улс Байгал нуур
2022 “Жаргалтайн орон” бие даасан үзэсгэлэн Хаан галерей
2023 Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн
Янпёнг урлагийн музей
2024 “Моно Арт” галерей бие даасан үзэсгэлэн БНСУ-ын Тэгү