БАЯНХОНГОР: Жаргалант сум хамгийн олон гол, Баянцагаан сум хамгийн олон булагтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-22 15:52:01

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж,, аймгийн хэмжээний голын сүлжээ, булгийн мэдээллийг нэгтгэн зурган болон тоон байдлаар гаргажээ.


Тухайн тооллогоор Баянхонгор аймаг сум бүрээр уст цэгийнхээ координатыг тодорхойлж, зураг болон байршлыг үзүүлэлттэйгээр нь нарийвчилсан тоогоор тогтоож, албан ёсоор бүртгэлжүүлсэн байна. Нарийвчилсан тоо бүртгэлийн энэхүү судалгаан дээр үндэслэн аймаг, сум орон нутаг гол горхи, нуур цөөрмийнхөө эрсдэлийг тооцож, хариуцан хамгаалах арга хэмжээг авах бол цаашдаа тус аймгийн усны талаар бодлогын ажил явуулахад баримтлах гол тулгуур суурь нь болох юм.


Судалгааны мэдээлэлд, Баянхонгор аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 306 гол горхи тоолуулснаас 208 нь устай, 33 нь усгүй, 15 нь шинээр нэмэгдсэн, тасарсан 43 гол горхи бүртгэгджээ. Харин булгийн хувьд 2023 оны жилийн эцэст 1449 гэж тоолуулснаас байнгын урсацтай 1033, түр зуурын урсацтай 303 гэжээ. Нийт булгийн 1315 нь устай, 122 нь усгүй байгаа бөгөөд 26 булгийг хашиж хамгаалсан бол хашиж хамгаалах шаардлагатай булаг 132 гэж тоолуулсан байна.


Аймгийн хэмжээнд Жаргалант суманд 69, Эрдэнэцогт суманд 64 гол горхи тоолуулсан нь хамгийн олонд тооцогдож байгаа бол Баянцагаан сум 145 булаг, Заг суманд 142 булаг тоолуулж булгийн тоогоор аймагтаа тэргүүлж байна.

Связанные новости