БАЯНХОНГОР: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-25 10:26:57

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун зүгт 65 км зайд Хөнөг хэмээх газарт гуравдугаар сарын 24-ний 17.44.56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 17.50 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн бөгөөд Жинст сумын удирдлага болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй хэмээн мэдээлэв.


Тухайн бүс нутаг нь газар зүйн байршил (өргөрөг, уртраг) : 45.22 99.78 бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс зүүн урд зүгт 46 км, Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун зүгт 65 км, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн зүгт 71 км-т юм.


Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.


Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Жинст сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна. 


2023 онд аймгийн хэмжээнд гурван удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Он гарсаар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 2024.01.05-ны 02.51.19 цагт 3.7 магнитудын, Баянлиг сумын нутагт 2024.03.05-ны 20.48 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол гурав дахь тохиолдол Жинст суманд бүртгэгдэв.


Ташрамд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ өдрөөр газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэхээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус үйл ажиллагааг сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.




Связанные новости