Монгол зураачид Японд аялж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-27 18:04:35

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол, Япон улсын хооронд Соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд, монгол зураачдын “Mongol Art road” судалбар зургийн аялал Японд эхэллээ.


Аяллыг мөн “Монгол Арт” галерейн таван жилийн ойг угтан зохион байгуулж байна. Монгол зураачдын Фүжи уулын судалбар зургийн аяллын “Reciprocal” үзэсгэлэн Токио хотод гуравдугаар сарын 22-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ аяллыг дэмжин ажиллаж байна.

Монгол зураачдын энэхүү уран бүтээлийн аялал нь япон орны үзэсгэлэнт байгалийг зурах, Монголын уран бүтээлчдийг танилцуулах, тэдний  бүтээлийг сурталчлах зорилготой аж.


Судалбар зургийн аялалд Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт, зураач Ц.Энхжаргал болон Д.Отгонбаяр, У.Батцоож, Ц.Ариунбайгаль, Ховд аймгийн зураач Б.Аюурзана, Говь-Алтай аймгийн Ц.Батдэлгэр, Өмнөговийн зураач Б.Чулуунбаатар, Архангай аймгийн зураач Н.Энхбат нар шалгаран оролцож байна. 



Связанные новости