Олон загас үхсэн нуурын уснаас дээж авч Биологийн хүрээлэнд хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-04-03 16:33:00

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Алтай Таванбогдын БЦГ-ын Даян нуурын монгол хадран, алтайн сугас олноор үхсэн тул ШУА-ийн Биологийн хүрээлэн, Улсын мал амьтны төв лабораторид нуурын усны дээжийг хүргүүлээд байна.


Даян нууранд харьцангуй зузаан мөс тогтож, нуурын усны эзлэхүүн багасан загасны идэшлэх боломжит орчин хумигдсанаас гадна нуур хөлдөх үед булан тохой, цутгал голуудын цүнхээлд загас тусгаарлагдан үлдсэнээс олон загас үхжээ. Тус нуурын орчимд 2023 оны 10 дугаар сард 20 см, энэ оны хоёрдугаар сард 20 см цас орж, нуурын мандалд 40 см орчим зузаан цас тогтжээ. Даян нуур орчимд Цельсийн -40 хэм хүрч хүйтэрчээ.



Даян нуур нь 67.2 км2 талбайтай, 4.5 метр гүн. Нуурт 870 км2 талбайгаас усжих 10-аад гол горхи цутгаж, Хотон гол эх аван урсаж, Ховд голд цутгадаг. Нуурын ус бүдэг ногоон, цайвардуу өнгөтэй, 10–6 дугаар сард мөстдөг бөгөөд нуурт монгол хадран, алтайн сугас загас идээшилдэг. Нуурын усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 4 мг/л хүрч багасахад ихэнх загас хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Загасны зүйл бүр усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээг харилцан адилгүй тэсвэрлэдэг. Тухайлбал, хадран загас багадаа 5 мг/л, хэлтэг загас 2 мг/л хүчилтөрөгчийн агууламжтай усанд амьдарч чаддаг. Өвөл нуурын усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ буурч загас бүтэх хэд хэдэн шалтгаан байдгийг Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа мэдээлжээ.

 

 

 

Связанные новости