ДУНДГОВЬ: Нийт малын 7,2 хувь нь хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-04 17:56:15
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 4 дүгээр сарын 3-ны байдлаар 15 сумын хэмжээнд нийт 262 229 толгой мал хорогджээ.


2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 3, 66 сая мал тоолуулсан бөгөөд нийт нутгаар цас их хэмжээгээр орж, өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас нийт малын 7,2 хувь нь хорогджээ. Энэ жил бог мал болон адууны хорогдол их байгаа бол үхэр, тэмээ харьцангуй бага хорогдсоныг малчид хэлж байна. Тодруулбал, хорогдсон малын 46 хувийг хонь, 41,6 хувийг ямаа, 10,3 хувийг адуу эзэлж байгаа юм.


Аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн газар, 15 сумын ЗДТГ-аас хорогдсон малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулж байна.


Сайнцагаан сум жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 376 228 толгой мал тоолуулсан. 19 462 толгой мал хорогдож, малчид аймгийн төвийн хогийн цэг дээр үхсэн малаа олноор авчирч хаясан тул тус сумын ЗДТГ-аас нэгдсэн хогийн цэг дээр хаясан малыг эхний ээлжинд булж, мөн хуваарийн дагуу хөдөөгийн 4 багт тогтоосон 5 цэгт нүх ухах, түүвэрлэн сэг зэм булах, ариутгах ажлыг зохион байгуулж байна. 



Связанные новости