Экологичийг хөнөөсөн хэргийн материалууд хулгайд алдагдсан явдалд НҮБ анхаарлаа хандуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-10-04 14:03:00

ТЕГҮСИГАЛПА. /AP/. Өнгөрсөн долоо хоногт экологич, байгаль орчныг хамгаалагч Берта Цацересийн амийг хөнөөсөн хэргийн материалууд алдагдсан явдалд Гондурас дахь НҮБ-ын Төлөөлөгчийн газар түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Төлөөлөгчийн газар Гондурасын Засгийн газарт хандан хулгайлагдсан мэдээллийг сэргээж, хараат бус мөрдлөгийг шуурхай явуулахыг уриалсан байна.

Үл мэдэгдэх нэгэн этгээд тус улсын нийслэл Тегүсигалпа хотод давж заалдах шатны шүүгч Мариа Луйс Рамосын автомашин дотроос хэргийн материалуудыг хулгайлжээ. Дээд шүүхийн тэргүүн Роландо Аргуэтагийн хэлснээр, хэргийн материалуудыг шүүгч нар гэр рүүгээ авч явах нь ердийн үзэгдэл байсан боловч одоо харин үүнийг хориглосон ажээ.

Цагдаа нар Б.Цацересыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн арав гаруй хүнийг 3 дугаар сард баривчилсан бөгөөд тэдний дунд усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан хүн байгаа аж. Б.Цацерес "Agua Zarca" далан барихыг эсэргүүцэн Гондурасын баруун нутагт байдаг Гуалкарк голыг хамгаалан тэмцэж байжээ.

Х.Сарнай

 

 

Связанные новости