Малид хэт халсны улмаас 100 гаруй хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-04-09 12:15:06

БАМАКО, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /BBC/. Мали улсад сүүлийн долоо хоногт үргэлжилсэн хэт халууны улмаас 100 гаруй хүн нас баржээ. 


Нийслэл Бамако дахь Габриэль Турегийн нэрэмжит эмнэлэгт гэхэд бие нь муудсан 102 хүн хүргэгдэн ирээд нас барсан байна. 


Тус улсын баруун өмнөд нутгийн Кайес хотод өнгөрсөн долоо хоногт +48.5 хэм хүрч халсан нь Африк тивийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх 4 дүгээр сарын хамгийн дээд үзүүлэлт болжээ. Хамгийн ихээр халсан гурван өдрийн хугацаанд 250 гаруй хүн нас барсан гэх мэдээлэл ирж байна. 


Мали улсыг урьд өмнө үзэгдэж байгаагүй халуун агаар нөмөрснийг Эль-Нино гэдэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эл үзэгдэл долоодугаар сар хүртэл дэлхийн янз бүрийн газар нутгийн цаг агаарт ихээхэн нөлөөлнө гэж Африкийн цаг уурчид анхааруулж байна. Түүний нөлөөлөл долоодугаар сараас хойш багасаж эхлэх ажээ. 

Связанные новости