Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-13 08:58:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, ажлын хэсэг байгуулан, хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгуулж байна.


Тодруулбал, Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны зам дагуу “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаар 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр 200 иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Зөрчлийг хугацаанд нь арилгахгүй бол хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан чөлөөлнө. Мөн явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байгаа аж.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Бахберген, “Төвийн 6 дүүрэгт гарсан авто замын эвдрэлийг нөхөж, засна. Одоогоор Ботаникийн уулзвараас Улиастайн уулзвар хүртэлх 2.4 км замыг засаж байна. Замын хашлагын ашиглалтын хугацаа дуусаж эвдэрсэн тул жолооч нар хашлага давж, явган хүний зам дээр машинаа байрлуулчихдаг учир хуучин бродюр сольж байгаа. Ирэх сард багтаан дуусгана. Мөн зөвшөөрөлгүй гарсан орц гарцыг ч хаана” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

 

Связанные новости