ДОРНОГОВЬ: Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд чулуун арсланг сэргээн засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-25 16:43:26

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвд Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын  мэргэжилтнүүд албан томилолтоор ажиллаж байна.


Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргал, ерөнхий сэргээн засварлагч С.Даваадарь, сэргээн засварлагч А.Батбаяр нар музейн барилгын үүдний чулуун арсланг сэргээн засварлажээ. Чулуун арслан 1820-иод онд Өвөрбаясгалант Хамарын хийдэд байсан бөгөөд 1979 онд өнөөгийн музейн барилга барихад үүдэнд нь суурилуулсан төдийгүй улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй түүх, соёлын хөдлөх дурсгал юм.


Мөн соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, музейн үзмэрийг арчлан тордох, анхан шатны цэвэрлэгээ, хайрцаг сав, баглаа боодол хийх, түүх соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалт зүйлсийн бүртгэл мэдээллийн сэдвээр илтгэл мэдээлэл хийж, харилцан санал солилцсон байгаа юм.


Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төв музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах чиглэлээр жил бүр ажилладаг бөгөөд энэ удаа Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийг урьж зарим үзмэрээ сэргээн засварлах, тодорхой сэдвээр сургалт зохион байгуулж байна.  


Тус аймгийн музейд дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийг харуулсан танхим болон Их Монгол Улсын түүхтэй холбогдуулсан цагаан сүлд шүтээн зэрэг ирсэн зочин гийчний нүдийг хужирлах олон төрлийн үзмэр бий.




Связанные новости