Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-01 17:39:30

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Сайд Б.Батцэцэг Элчин сайд Зоан Хань Дамыг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Вьетнамын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хоёр талын худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.


Элчин сайд Зоан Хань Дам үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэнд  талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ тэмдэглэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Зоан Хань Дамд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.

Связанные новости