Душанбегийн “Их дуулга”-аас Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-04 11:03:57

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тажикстаны Душанбе хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн үргэлжилж байна.


65 орны 400 гаруй жүдоч оролцож буй тус тэмцээний эхний өдөр манай улсаас долоон тамирчин татамид гарснаас олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.


Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү Мальт, Хятад, Испани, Словен, Туркийн бөхчүүдийг буулган авснаар “Их дуулга” ангиллын тэмцээнд анх удаа түрүүлэв. Тэрбээр уг тэмцээнээс өмнө Азийн аварга болон насанд хүрэгчдийн улсын аваргад дараалан түрүүлээд байсан юм.


Тэгвэл гавьяат тамирчин Л.Энхрийлэн Узбекистан, Герман, Хорватын хүчтэй өрсөлдөгчийг ялсан ч дэлхийн аварга Канадын Жессика Климкайтад тахим буулгав. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Либээрийг хожсоноор хүрэл медальийн тавцанд зогслоо. Энэ нь Л.Энхрийлэнгийн “Их дуулга” ангиллын тэмцээнээс авч буй тав дахь медаль юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Азийн аваргад түрүүлсэн юм.


Эхний өдрийн дараах байдлаар Монголын баг нэг алт, нэг хүрэл медальтайгаар хүснэгтийн гуравдугаарт жагсаж байна. Өнөөдөр Душанбегийн “Их дуулга” хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, эммэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ нар барилдана. 



Связанные новости