Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-06 14:29:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-аар батлаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимаас хэвлэлийн хурал хийлээ.


Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк энэ үеэр хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм. Баялгийн санг ингэж харах ёстой. Нэг ёсондоо тухайн улс орон хойч үедээ үлдээж буй өв хөрөнгө юм. Энэ үүднээс Баялгийн сангийн талаар олон нийтэд ойлгуулах, боловсрол, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байдаг” гэдгийг тодотгон хэллээ.


Австрали улс Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн туршлага их. Энэ талаар буюу Австралийн Худалдааны танхим Монгол Улсын Үндэсний Баялгийн сан дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Үндэсний Баялгийн сангийн тухай хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт татвар, үйл ажиллагааны хувьд эргэж харах, зөвшилцөх зүйл бий. Ингэхгүй бол болгоомжлол, эргэлзээ, эрсдэл үүсгэж мэдэхээр байгаа талаар Америк-Монголын худалдааны танхим (АмЧам)-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс хэллээ. 

Связанные новости