БАЯН-ӨЛГИЙ: Монгол, Швейцарын багш нар зуны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-07 11:36:27

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн Н.Байболат, Швейцарын Холбооны Улсын иргэн Рафайл Хюбер нар "Altai Blue Horizon" зуны сургалтын хөтөлбөрийг санаачилж удахгүй Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 


Тус төсөл нь хүүхэд залуучууд зуны амралтаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон нутаг дахь сайн дурын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.


Энэ хүрээнд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоо, жендерийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, алслагдсан багийн сургуулийн хүүхэд, залуучуудад тэгш боломж олгохыг зорьж байна.


"Altai Blue Horizon" зуны сургалтын хөтөлбөрөөр хүүхдүүдэд англи болон монгол хэл, урлаг, спорт, илтгэх урлагийн сургалт зохион байгуулах ба Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, "Зайд" сургууль, Улаанхус сумын хоёрдугаар сургуулиас тус бүр 60, нийтдээ 6-12 дугаар ангийн 180 сурагчийг хамруулна.


Сургалтыг Швейцарын Холбооны Улсаас 3, Португал улсаас 1, Алжир Улсаас 1 багш ирж зохион байгуулна. Мөн орон нутгийн 6 сайн дурын идэвхтэн дээрх сонгосон сургуулиудын багш нартай хамтран ажиллана.


Швейцарын Холбооны Улсаас ирэх сургагч багш нар нь бүгдээрээ оюутнууд бөгөөд төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг тэд хандив цуглуулах аян зарлах замаар босгосон байна.


"Altai Blue Horizon" зуны сургалтын үйл ажиллагаа ирэх сарын 10-наас 7 дугаар сарын 10-ныг хүртэл нэг сар үргэлжилнэ. 

Связанные новости