БАЯНХОНГОР: Нэг царан дээр хоёр хөгжмийг бүтээсэн ховор зэмсэг музейн онцлох үзмэрийн нэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-07 15:52:56

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд өөр өөрийн хийцээрээ ялгаатай зургаан морин хуур хадгалагдаж байна. Энэ удаад өвөрмөц хийц бүхий хоёр морин хуурыг онцлон уншигчдадаа танилцуулъя.


Хос хуур

Нэг царан дээр хоёр хөгжмийг бүтээсэн буюу урдаа морин хуур, ардаа хуучир хөгжимтэй урласан хөгжмийн зэмсэг нь тус музейн онцлох үзмэрийн нэг. Хар морины толгой, амаа ангайж байгаа лууны толгой, их биед алхан хээ, хамар угалз, өлзий утас зэрэг хээг эргэн тойронд будаж хээлсэн 2 татлагатай хуур. Тус бүтээл Дугарын Баньдүү, Чин сүжигт Номун ханы зургадугаар дүр Галсан-Ёндон нарын хамтын бүтээл бөгөөд XX зууны дунд үед хамаарна.


Хөгжмийн урт нь 114 см, 2 кг орчим жинтэй. Царын урт нь 31 см, өргөн нь 25 см, зузаан нь 7.2 см бол хуучир хөгжмийн урт нь 79 см, өргөн нь 10.5 см, зузаан нь 9 см.


Материал:

Мод, холст тосон будаг


Гурван толгойтой морин хуур

Өнгө бор, ногоон, гурван морины толгойн дүрстэй өвөрмөц хийцлэлтэй морин хуур аймгийн музейд хадгалагдаж байна. Хуур нь хаан бугуйвч, хатан сүйх сийлсэн дэл сүүлэн чавхдастай, чихийг нь шанз хөгжмийн чихээр орлуулж хийсэн.

Тус морин хуурыг Баянбулаг сумын харьяат Соёлын төвийн эрхлэгч байсан Г.Лхамсүрэн урласан бөгөөд 1982 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр аймгийн музейд үзмэр болгон авсан түүхтэй.


Морин хуурын урт нь 119 см, жин нь 1725 гр, царын өндөр 30.5 см бол өргөн нь 28.5 см, зузаан нь 9 см байна.


Материал:

Мод, шир, холст тосон будаг





Связанные новости