“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-05-22 14:28:56

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Улаанбаатар марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны 20 451 хүн оролцохоор бүртгүүлээд байна.


Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ. Мөн энэ үеэр зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэх юм.


Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км /18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэдийн/, хагас марафон буюу 21 км /18-34, тусгай хэрэгцээт иргэдийн, 35-54, 55-aac дээш нас/, 10 км, 5 км /12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт/, 1,5 км /хараагүй, тэргэнцэртэй тусгай хэрэгцээт иргэдийн, гэр бүл/, 0.8 км, 0.5 км /тусгай олимпын төрлийн/ гэсэн зай, төрлөөр зохион байгуулна. “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг хоёр сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу тав км-ийн бүртгэлийг гурван хоногийн хугацаатай сунгаж, энэ сарын 24-ний өдрийн 17.00 цагаас хаах юм” хэмээв.


“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. 

Связанные новости