БУЛГАН: Хар бухын буюу хадаасан балгас

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-30 09:18:18

Булган, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг.





Туурийг анх XIX зууны үед илрүүлсэн ба 1934, 1948-1949 онд хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малтлага хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.



Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5х0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж.



Хотын туурийг малтахад гарсан шавар сав суулга нь IX зууны Уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэр байсныг судлаачид тогтоосон байна.


Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ.


Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь төвөд барилгын хийцтэй байжээ. Нутгийн ардын аман ярианд Цогт тайжийн байгуулсан орон байр гэдэг. Түүгээр ч барахгүй ХХ зууны эхэн үед Цогт тайжийн дөтгөөр хүү Заан тайжийн ахмад хүү Сутай Илдэний удам Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошууны засаг ноён Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.

 

1970 оны малтлагаар тус хотын нэгэн эвдэрхий суварганы нуранхайгаас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өврийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гарааг бүтээсэн зүйл байжээ.



Сонирхуулахад, Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” киноны зураг авалтыг энд хийсэн байдаг.

 

Хадаасан балгасны араар 600 метр зайтай урсах Харбухын гол Туул голын ай савд багтана. Харбухын голын хөндийд эрт балраас хүн суусаар ирсэн бөгөөд тэр бүс нутагт хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XVII зууныг хүртэл олон үеийн соёлын дурсгал бий. Тэдгээрээс хамгийн нэрд гарсан дурсгалын нэг бол Хадаасан балгас мөн. Тус хотын өмнө талд 1 км зайд Хадаасан толгой, 3 км зайд Буурал уул, зүүн талд Борогчингийн бор тал, Бөөр нуур, түүний цаана 5 км орчим зайд Ямаат уул байна. Хэрмийн баруун талд буй галт уулын гаралтай хүрмэн чулуу бүхий Хүрэмт хэмээх жижиг уулаас эх авсан Намуун булаг баруун өмнөд зүг урсаж Харбухын голд цутгана. Хадаасан балгас умард өргөргийн 47° 52’ 249, дорнод уртрагийн 103° 53’ 051, далайн түвшнээс дээш 1015 метрийн өндөрт оршино.

Связанные новости