СЕХ 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуульд нам эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэв.
СЕХ сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс тойрогт нэр дэвшүүлэхээр 985, жагсаалтаар нэр дэвшүүлэхээр 385, бие даан нэр дэвшигчээр 46, нийт 1416 хүний баримт бичгийг хүлээн авсан байна. Үүнээс нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тодруулбал,
-Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76;
-Хуульд заасан баримт бичиг дутуу 63;
-Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5;
-Нэр дэвшүүлсэн нам эвслээсээ өөр намын гишүүн 4;
-Сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4;
-Төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1;
-Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав. Мөн 17 хүн нэр дэвшихээс татгалзсан аж.
Нэр дэвшигч нь ирэх сарын 2-ны өдрийн дотор зөрчлөө арилгаж, дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандах боломжтой.