Идлэг шонхорын хураамжийг бүрэн авахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМонгол Улс идлэг шонхор шувууг экспортонд гаргахдаа авдаг хураамжаа бүрэн авахгүй байгаа талаар өнөөдөр Монголын анчдын нийгэмлэг, Монголын байгаль орчныг хамгаалах оюутан, залуучуудын холбоо (МБОХОЗХ)-ноос мэдээлэв.
2012 оноос хойш Монгол Улсаас Арабын орнууд руу 310 гаруй шонхор шувууг экспортложээ. Экспортлохдоо нэг шонхор шувуунаас 11 мянга 760 ам.долларын хураамж авдаг байв. Энэ жил 200 гаруй шонхор шувуу экспортод гаргахаар төлөвлөснөөс 86-г хилээр гаргасан байна. Ингэхдээ нэг шувуунаас 6 сая 400 мянган төгрөг байхаар гэрээнд заажээ. Энэ нь өмнө нь авдаг байсан хураамжаас хэд дахин бага байгааг Монголын анчдын нийгэмлэгийн тэргүүн, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн (МБОИЗ) дэргэдэх Ногоон парламентын гишүүн Д.Гэрэл хэллээ.
Тэрбээр, “Бид БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос хураамжаа бүтэн авахгүй байгаа талаар тодруулахад “Өмнөх Засгийн газрын авдаг байсан хураамжийг авч байгаа. Энэ бол Засгийн газрын нууц тогтоол” гэсэн хариу өгсөн. Эдийн засаг хүнд байгаа тул энэ хураамжийг бүтэн авах хэрэгтэй. Монголын иргэд идлэг шонхор шувуу үржүүлэх хүсэлт гаргахад хүлээж авдаггүй. Гэтэл саяхан Катарын “Алфажер” компанитай хамтарсан шонхор үржүүлгийн газар байгуулахаар болсон. Уг газар нь нийт үржүүлсэн шонхорынхоо 35 хувийг нь Катар руу гаргаж, 35 хувийг Монголын байгальд эргүүлэн тавина. Үлдсэн 30 хувийг үржүүлгэнд ашиглах юм” гэлээ.
МБОХОЗХ тэргүүн Б.Батболд “Сүүлийн жилүүдэд идлэг шонхор олноор хорогдсон. Гэтэл Засгийн газар хураамжаа ч бүтэн авахгүй байгаад харамсаж байна. Түүнчлэн Шонхор барихаар ирсэн Арабууд зөвхөн шонхор бариад зогсохгүй угалз, зээр, тоодог зэрэг ховор амьтдыг хүртэл агнасан тохиолдол гарсан. Манай байгууллагаас энэ хэргийг шалгах хүсэлтийг өнгөрсөн сард хуулийн байгуулагад хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу ирээгүй. Эдгээр хүмүүсийг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй” гэв.
Г.Даваамаа
Гэрэл зургийг Т.Чимгээ