Г.Сүхбаатар: Дэлхийн 100 орчим орны зоос цуглуулгад маань бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын иргэн Г.Сүхбаатар 30-аад жилийн турш олон орны мөнгөн тэмдэгт, зоос цуглуулж байна. Сан хөмрөгт нь тоолж баршгүй их цуглуулга байгаа учраас тоолоогүй гэлээ.
Тэрбээр Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойгоор үзэсгэлэн гаргасан юм.
-Зоос, мөнгөн дэвсгэрт цуглуулах хоббигоо хэзээнээс эхлүүлэв. Одоо хэдэн төрлийн хэр их цуглуулга байна вэ?
-Би багадаа их саваагүй хүүхэд байсан юм. Ээжийнхээ энд тэнд тавьсан зоосон мөнгө, гоёлууд, гэрийнхээ цахилгаан хэрэгслийг байнга оролдож сониучирхна. Тэр үед гүйлгээнээс гарсан зоосоор хүүхдүүд мөнгөдөх гэдэг тоглоомыг их тоглодог байлаа. Энэ үеэс л цуглуулж эхэлсэн дээ.
2016 онд аймгийн музейтэй хамтарч анхны үзэсгэлэнгээ гаргасан. Тэгэхэд миний цуглуулга дотор нэг төрлийн зоос мянга, мянгаараа байсныг анзаарч, оноороо, зорилгоороо өөр өөр байдгийг олж мэдээд ангилж эхэлсэн. Цуглуулга олон байхаас илүү оновчтой, түүхэн ач холбогдолтой байх нь чухал юм байна гэдгийг ойлгоод илүүгээ бусдад өгч, дутуугаа хайж цуглуулсаар байгаад дэлхийн 100 орчим орны зоосыг он дараалал, төрлөөр нь бүрдүүлсэн. Тоолж үзээгүй, гэхдээ дунджаар нэг орны 10-20 төрлийн зоос, гоёлын, бэлэг дурсгалын, ойн гээд янз бүрийн зоос, цаасан мөнгөн дэвсгэртүүд байгаа гэж тооцохоор их тоо гарах байх.
-Хамгийн үнэ цэнтэй цуглуулга гэвэл алийг хэлэх вэ?
-Он дарааллын хувьд, мөн бэлгэдэл, ач холбогдлоороо үнэ цэнтэй байж болно. Чингис, Өгэдэй, Хубилай, Гүег, Мөнх гээд хаадын үеийн зоос, Манжийн нүхтэй “сохор” зооснууд бий. Үнэт металлаар хийсэн зооснууд нэлээн үнэтэй байдаг. Жишээ нь, нэг грамм алтаар хийсэн Чингис хааны алтан зоос, Хубилай хааны мөнгөн зоос байна. Ер нь бол үнэт чулуун шигтгээтэй зооснууд бас байдаг.
БНМАУ-аас өнөөг хүртэл гүйлгээнд гаргаж байсан бүх зоосон мөнгө надад байгаа. 1925 оны 99 настай мөнгө, 1941 оны уйгаржин монгол бичигтэй, 1955, 1966-1981 оны кирилл бичигтэй мөнгөний бүтэн цуглуулга байна. Мөнгөн дэвсгэртэд тухайн цаг үеийн бичиг үсэг, лого гээд бүх зүйлийг оруулсан байдаг учраас улс орныхоо нүүр царай болж байдаг юм. Монгол хүн сансарт ниссэний өдөр, Карл Марксын 100 жилийн ойд зориулсан гээд сонирхолтой зооснууд байна.
Бас бэлгэдлээ бодоод өөрийн жилээр нохойны зурагтай, гэр бүлийн хүнийхээ жилээр морины зурагтай дурсгалын зоос авсан. Зурагчин хүний хувьд ан амьтан, шувуудтай зооснуудыг их сонирхож цуглуулж байгаа. Зоосноос гадна медальон гэж бий. Гадны улс орнуудаар явахаараа дурсгал болгож авдаг юм. Тухайн улсад очиж байсны нэг баталгаа, дурсамж болж байдаг.
-Цуглуулгатайгаа холбоотой судалгаа хийдэг гэлээ. Сонирхолтой жишээ хэлэх үү?
-Цуглуулгаа баяжуулахын хэрээр мэдлэгтэй болдог. Тэгээд мэдлэгтээ суурилсан судалгаа хийж эхэлдэг юм байна. Жишээ нь, манай улс Ардын хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэл 67 төрлийн зоосыг гүйлгээнд ашиглаж байсан. Үүний зэрэгцээ Их Монгол Улсыг байгуулсны 800 жил зэрэг томоохон ой, аймаг, хотуудын түүхэн ой, тэр байтугай нар хиртсэн өдөрт зориулж зооснууд гаргасан байна. Тэр бүгдийг түүхээр нь, оноор нь судалдаг. Нэг төгрөгийн шартын мөнгө гэхэд л найман өөр төрөл байдаг.
Үнэ цэнтэй, хайрцагтай зооснууд бүгд өөрийн бичиг баримттай байдаг. Хэдэн онд, ямар металлаар хэдэн грамм, хэдэн ширхэг хэвлэснийг бичсэн байдаг. Жишээ нь, Монгол Улсын гурван сая дахь иргэнд зориулж зоос гаргасан. Тухайн хүүхдийг 2015 оны 1 дүгээр сарын 28-нд төрсөн, зоосыг нь 4000 ширхэг хэвлэснийг паспорт дээр баталж бичсэн байна.
-Хоббитой байна гэдэг мэдээж, сонирхолтой, зорилготой сайхан. Харин ач холбогдол нь юунд оршдог вэ?
-Энэ нийгэм маш их стресс бухимдалтай байна. Ийм үед хоббигоо хөгжүүлж, хоббидоо цаг зав гаргахаар тайвширдаг. Цуглуулсан эд зүйлээ ангилан ялгахдаа бас сууж сурдаг. Дээрээс нь маш их тэвчээрт сургадаг. Би гэхэд хэдхэн зоос цуглуулаад шантарч, хаяж болох л байсан. Гэхдээ шантралгүйгээр тууштай 30 жил зоос цуглууллаа. Тэр хэрээр мэдлэг нэмж байна.
Өөрийнхөө бэлгэдэлтэй тоогоор төгссөн эд зүйлийг цуглуулдаг хүмүүс байдаг. Миний хувьд 23 гэсэн тоог шүтэж, утасны дугаар, дансны дугаартаа энэ тоог оруулсан. Мөнгөн дэвсгэртээ ч 23 гэх тоо орсныг хайж олдог.
- Үр хүүхдэдээ өвлүүлэх бас том эд хөрөнгө юм даа.
- Тийм шүү, би тэгж боддог. Хүүхдүүддээ бэлэн мөнгө хадгалж үлдээе гэхээс илүү оюун санаанд нь хөрөнгө оруулалт хийнэ. Аав, ээжийн хүмүүжлээр хүмүүжүүлнэ. Том болоод өрх тусгаарлахад нь эд хөрөнгө гэхээс илүү энэ цуглуулгаа өвлүүлнэ гэж боддог. Яг энэ хоёр бор хавтас дотор хоёр хүүдээ өвлүүлэх цуглуулга хадгалж байгаа. Энэ бол өв болж очихоос гадна маш том түүх болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Цаг үеэр өөрчлөгдөж байдаг мөнгөн дэвсгэртийг дараа дараагийн үедээ залгамжлаад, хадгалаад явбал түүхэн ач холбогдолтой гэж бодож байна.
- Баярлалаа. Цуглуулгынх нь сан хөмрөг илүү ихээр баяжин арвижиг ээ.