ДОРНОГОВЬ: Чингис хааны үеэс домогтой Арван наймын Богд уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-06 11:42:46

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болон түүхийн дурсгалт газраас цувралаар хүргэж байна. Энэ удаа тус аймгийн Мандах сумын нутагт байдаг Арван наймын Богд уулыг онцлов.


Манжийн элч төлөөлөгчид албан бичгийг яаралтай нэвтрүүлэн зохих газарт нь хүргэх зориулалттай цэрэгжүүлсэн морин өртөөг XVIII зууны эхэн үед байгуулсан нь Бээжингээс Өвөр Монгол, Ар Монгол цаашлаад Баруун хязгаар хүрэх замын эхлэлийг тавьжээ. Энэ өртөөг “буухиа өртөө” гэж нэрлэдэг байв.


Өртөөний Бээжингээс Улиастай хүрэх замд 72 суурь байсны найман суурийг хятадууд, дараагийн найман суурийг цахарууд залгуулна. Залгаад Харчины 36 өртөө эхэлдэг бөгөөд 36 өртөөний 18 дахь өртөө нь Арван наймын Богд уулын хавьд байсан нь тус хайрхныг ингэж нэрлэхэд хүргэжээ. Уул далайн түвшнээс дээш 1300 метрт өргөгдсөн. Хайрхны орой сэтэрхий мэт харагддаг нь Их эзэн Чингис хаан Хатанбулаг сумын Эргэлийн зоон дээрээс харваж сэтэлсэн гэх домгоос үүдэлтэй. Сэтэрсэн орой нь уулын ард тогтсон гэдэг. Нутгийн хүмүүс дэргэд нь нэрийг нь хэлэхийг цээрлэдэг Товх хэмээх уул байдаг аж.


Нум сумаар харвах үед цацагдсан шороо нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Тоодог, Тогоруут гэдэг газар  болж тогтсон тухай домгийг нутгийн иргэд ярьж иржээ. Арван наймын Богд ууланд аргаль, янгир, түүний орчинд хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн, үнэг, хярс, чоно зэрэг бусад агнуурын амьтад бий. 


2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд нутгийн зарим иргэд Ац богд уул  ч гэж бас нэрлэдэг аж.

Связанные новости