ХОВД: Өнгөрсөн онд 30 мянга гаруй аялагч хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-11 16:25:47

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт түүх, соёлын дурсгалт газар олон бий.

Өнгөрсөн онд 32881 дотоодын аялагч, 2397 гадаадын жуулчин тус аймгийг зорин ирж, байгалийн дурсгалт газруудтай танилцжээ. 

Одоогоор Ховд аймагт 10 гаруй жуулчны бааз байна. Мөн таван дэн буудал, хоёр амралтын газар үйл ажиллагаа явуулж байна. 

Ховд аймгийн аялал жуулчлалын гол үйл ажиллагаа нь “Цайны зам” өв соёлын наадам.


Тус наадмыг 2024 оны есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.  


Наадмын хүрээнд
 гадаад, дотоодын жуулчин, орон нутгийн иргэдэд зориулж тэмээн жин, монгол нүүдэл, угсаатны цай чанах ёслол болно. Мөн бий биелгээ, хөөмийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.

 
Олон угсаатны уламжлалт цай, цайны соёл нь нүүдэлчдийн их өв билээ. Эртний түүхт цайны соёлыг түгээн дэлгэрүүлэгч, олон угсаатны ахуй байдлыг гэрчлэгч, соёлын биет болон биет бус өв, язгуур урлагийг зангидсан "Цайны зам" өв соёлын наадмыг Ховд аймаг өмнө нь дөрвөн удаа зохион байгуулсан.

Тус наадмыг жилд дунджаар 5-6 мянган хүн үзэж сонирхдог.

Монголчууд эрт цагт ачаа барааг алс хол тээвэрлэх ажлыг гагцхүү тэмээн жингээр гүйцэтгэж байсан юм. Энэ уламжлалыг үргэлжлүүлэх, өв соёлын хэлхээг сэргээх, хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд “Цайны зам” өв соёлын наадам чухал ач холбогдолтой. 


10 орчим малчны бүрэлдэхүүнтэй тэмээн жингийн цуваа Манхан сумаас хөдөлж, Ховд аймгийн төв хүртэл гурван өдрийн турш явна. Наадмын үндсэн үйл ажиллагаа нь аймгийн төвд тэмээн жин угтах ёслолоор эхэлдэг.  


Тус наадмыг өнгөрсөн онд "Жангар" нэрийн дор нэгтгэн зохион байгуулсан юм. 

Монгол орны баруун хязгаарт орших Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1500 орчим км зайд бий.  

 

 

Связанные новости