БАЯНХОНГОР: Ламын гэгээний гуравдугаар дүрийн намтар бүтээлийг хэвлэн гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-17 10:22:02
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Бурхны шашны гурван зулын нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 385 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд “Бат оршил” өргөх шашин соёлын хүндэтгэлийн үйл ажиллагааг долоодугаар сард Баянхонгор хотноо зохион байгуулахаар товлоод буй. Мөн Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, МУИС-ийн профессор Л.Тэрбишийн орчуулгаар Ламын гэгээний гуравдугаар дүрийн намтар “Ханчин чойжил Лувсанцэвээнжавчогбалсамбуугийн цадиг” номыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

Ойн комиссоос түүх, соёлын олон ажил зохион байгуулж, ард иргэд, хүүхэд, залуучуудад соёлын өвийг түгээх ажлыг хийхээр төлөвлөсний нэг нь Ламын гэгээний гуравдугаар дүрийн энэхүү намтар бүтээл болж байна.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704)
II дүр Лувсанбанчинбалбар (1705-1787)
III дүр Цэвээнжавчог (1789-1845)
IV дүр Балдандамбачүлтэм (1846-1860)
V дүр Принлайтогмид(1862-1907)
VI дүр Жамъяндорж (1910-1912)
VII дүр Цэрэндорж (1913-1937)
Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүр Баянхонгор аймгаас 2009 онд тодорсон байдаг. 2000 оноос эхлэн Ламын гэгээний дүрийг тодруулах эрэл эхлээд ээлж дараагаар явж байсан шалгуурт олон хүүхэд оролцсон бөгөөд тэдгээрээс 600 хүүхдийн нэрийг Дээрхийн гэгээн Далай багшид илгээснээс гурван хүүхдийг нь тодруулан судалж, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой тохиосон жил буюу 2009 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Болдын ганц хүү Эрдэнэбат тодорсон байна. Тэрээр тус аймгийн Баянбулаг сумын Сангийн далай хэмээх газар мэндэлсэн бөгөөд Гэгээнтэнээр тодрох жилдээ Б.Эрдэнэбат хүү 14 настай, “Номгон” ахлах сургуулийн сурагч байжээ. Ламын Гэгээнтэн Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн Даш Гоман дацанд бурхны номонд шамдан суралцаж байна.
Связанные новости