"Galaxy Note 7”-г үйлдвэрлэхийг түр зогсоов
ДЭЛХИЙН МЭДЭЭСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг үйлдвэрлэхээ түр зогсоосон тухай тус компанийн албаны хүн өнөөдөр мэдэгдлээ. “Galaxy Note 7”-гийн батарей нь хэт халсны улмаас дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсны дараа эргүүлэн татсан утсыг орлуулан “Samsung Electronics” корпорациас өгсөн шинэ гар утас дэлбэрч шатсан тохиолдол нэг бус удаа гарсан тул ийм шийдвэр гаргажээ.
Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн хэлэхдээ “энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зогсоосны зэрэгцээ манай компани Өмнөд Солонгос, АНУ болон Хятад улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэв.
“Samsung Electronics” корпораци нь “Galaxy Note 7”-г өнгөрсөн наймдугаар сарын 19-нөөс борлуулж эхэлсэн боловч энэ гар утсыг цэнэглэж байхад шатсан тохиолдол цөөнгүй гарсны улмаас 2.5 сая төхөөрөмжийг дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар шийдсэнээ өнгөрсөн сарын эхээр мэдэгдсэн юм.
Ингээд “Galaxy Note 7”-г буцааж авчирч өгсөн хэрэглэгчдэд шинэ гар утас орлуулан өгч эхэлсэн боловч солиулж авсан гар утас дэлбэрч шатсан тохиолдлууд АНУ болон Тайваньд гарчээ.
Солиулж авсан “Galaxy Note 7” шатаж дэлбэрсэн найман тохиолдол одоогоор гараад байгаагийн тав нь АНУ-д, нөгөө хоёр нь Өмнөд Солонгос болон Хонконгт бүртгэгджээ.
Г.Доржханд