Улсын хэмжээнд 17 цагийн байдлаар ирц 50.3 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-28 16:59:12

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт болон сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хийлээ.


Улсын хэмжээнд сонгогчдын ирц 17 цагийн байдлаар 50.3 хувьд хүрсэн ба зарим нэг анхаарвал зохих асуудлууд цөөнгүй байгааг тус хорооны удирдлагууд болон цагдаагийн газрынхан энэ үеэр анхааруулав. Тухайлбал, саналын хуудасныхаа зургийг авч, олон нийтийн сүлжээнд байршуулах явдал гарсан байна. Саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасныхаа зургийг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулж бусдад харуулах зэрэг нь хууль бус үйлдэл аж. 


Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт нэг сонгогч санал өгөхөд хүндрэл үүсэж, уншиж бичих туслалцаа хүссэн үеийг гэрэл зурагт буулгаж, олон нийтийн сүлжээнд тавьсан тухайд тайлбар өглөө. Тус сонгогчид хэсгийн хорооны ажилтан тусалж зааварчилгаа өгч байсан ба энэхүү үйлдэл нь хуулиар зөвшөөрөгдсөн болохыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ.


Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар 130 гомдол мэдээлэл ирсэн байна. Тус байгууллага иргэд сонгогчдоос амаар, бичгээр, олон нийтийн сүлжээгээр дамжуулж, гомдол мэдээлэл хүлээж авч шалгаж байгаа аж.




Связанные новости