ӨВӨРХАНГАЙ: Францын Аллиер мужтай хамтран ажиллах төлөвлөгөө гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-01 11:52:42

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Франц улсын Аллиер мужтай хамтын ажиллагаа тогтоосны 25 жилийн ой ирэх онд тохионо. Ойг угтан хийх ажлаа төлөвлөхөөр Аллиер мужийн гадаад харилцааны ажилтан Вероник Эрупэ /Véronique Herupe/, урлаг судлаач Фабрис Дюбюсэ /Fabrice Dubusset/ тэргүүтэй хүмүүс аймагт ажиллаж байна.


2000 оноос эхлэн хамтын ажиллагаатай байж ирсэн Аллиер мужийн АПАУ нийгэмлэг өнгөрсөн хугацаанд манай аймгийн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажилласан бол 2025-2030 онд нийгмийн тусгай хэрэгцээт салбар болон урлагийн чиглэлээр хамтран ажиллах чиглэлтэй байна.


Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн багш, сэргээн засалчдыг Аллиер мужид сургаж туршлага судлуулах, сурагч солилцоог хэрэгжүүлж, байгаль хамгааллын сэдвээр контент хийж түгээх болон музейн үзүүллэг дэглэлтийн чиглэлээр хамтран ажиллах юм.

 

 

Связанные новости