ДУНДГОВЬ: 366 суралцагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дундговь аймгаас 366 суралцагч энэ жил Элсэлтийн ерөнхий
шалгалт (ЭЕШ) өгөхөөр бүртгүүлжээ. Тэдний 40 нь өмнөх оны төгсөгч бол бусад нь
энэ жил 12 дугаар анги төгссөн суралцагчид байна.
Шалгалтыг энэ сарын 4-7-ны өдөр Сайнцагаан сумын Эрдмийн далай сургууль дээр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. ЭЕШ-ын явцад Боловсролын үнэлгийн төвөөс 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллах ба орон нутгаас 18 хянагч багш, 8 зохион байгуулагч үүрэг гүйцэтгэнэ.
Энэ жилийн элсэлтийн шалгалтыг тогтсон зарчмаар буюу
монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм
судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр зохион байгуулах юм.
2023 онд Дундговь аймгийн хэмжээнд 387 суралцагч Элсэлтийн
ерөнхий шалгалт өгч, шалгалтын дүнгээр тус аймгийн суралцагчид өмнөх жилийн үзүүлэлтээс
8 байр ахиж, 10 дугаарт жагссан амжилт үзүүлсэн юм.