Монгол, Хятадын эрдэмтэд нүүрсний хаягдлыг эко хөрс болгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол
Улс, БНХАУ-ын эрдэмтэд нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс боловсруулан, экологийн
цэвэр бүтээгдэхүүн гаргах технологийг хамтран боловсруулж байна. Энэ талаар
өнөөдөр ХААИС-д хоёр талын эрдэмтэд танилцууллаа.
Тодруулбал, нүүрсний уурхайнуудын карьер дахь хаягдал нүүрсийг хөрс болгох судалгааны төсөл дуусаж, нийслэлийг эрчим хүчээр хангах Бөөрөлжүүтийн цахилгаан станцад туршиж эхэлжээ.
Нүүрсний хаягдал чулуулгаас гарган авсан хөрсийг уул уурхайд байгалийг нөхөн сэргээхэд эргэж хэрэглэх, мөн газар тариаланд бордоо хөрс байдлаар ашиглах боломжтой аж. Учир нь энэ нь экологийн цэвэр бүтээгдэхүүн юм гэдгийг төслийн хамтрагч, БНХАУ-ын Шанси Их сургуулийн дэд профессор Жөнжун Фэнг тодотгон хэллээ.
Тэрээр, манай Шанси муж нүүрсний орд
ихтэй. Хаягдал чулуулгаас хөрс, бордоо гарган авах технологийг нэлээн хэдэн жил
туршиж хэрэглэсэн. Одоо энэ технологиийг үйлдвэрлэлийн хамт Монгол
Улсад шилжүүлж, хэрэгтэй бүтээдэхүүн гарган авахад хамтран ажиллахаар болж
буйдаа таатай байна гэв.
ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх хэлэхдээ, “Энэ бол уул уурхайн салбарыг түшиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эко төсөл юм. ХААИС-ийн гадаадын их, дээд сургууль, байгууллагатай хийж буй нийт 27 инновац төслийн нэгний үр дүн ийнхүү гарч байна” хэмээн онцоллоо. Төсөл хаягдал нүүрс боловсруулж хөрс бэлдэх замаар энэ талын мэргэжилтэнг БНХАУ-д бэлтгэх байдлаар 2-3 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын “Цэцэнс майнинг энержи” компанийн байгаль орчны мэргэжилтэн Д.Даваасүрэн, манайх хүрэн нүүрсний ил уурхай учир хаягдал чулуулга их гарч овоолог хийдэг. Одоо харин Монгол, Хятадын эрдэмтэд, их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хаягдлаа бүрэн боловсруулж, хөрс, бордоо гаргаж авахаар болж буйд баяртай байна гэв.
Тэрээр, бид нүүрсний
хаягдлаа овоолоод байх биш, өөрсдөө ногоон байгууламж барихад ашиглахаас гадна
ойр орчмын газар тариалангийн ААН-үүдэд чулуулгаас гарган авсан бордоо нийлүүлэх
байдлаар хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Энэ бол хаягдалгүй,
хариуцлагатай уул уурхайн нэг жишээ гэж хэлж болно гэв.