Нийслэлд улирлын томуугийн дархлаажуулалтыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2024-08-31 09:23:09

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор улирлын томуугийн вакцин хийж эхэллээ.


Нийслэлийн хэмжээнд 180 мянган тун вакциныг хийхээс нэн тэргүүнд томуугийн өвчлөлд өртөх эрсдэлтэй, өвчилсний дараа хүндрэх магадлал их бүлгүүдэд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийх аж. Өнгөрсөн жилийн судалгаагаар томуугаар өвчилсөн иргэдийн 50 гаруй хувийг 0-4 насны, 20 гаруй хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байв.


“Бидний хэрэглэж буй БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Greencross” нь А хүрээний 2 төрлийн вирус, В хүрээний хоёр төрлийн вирусийн эсрэг вакцин юм. Вакцин нь тухайн вирусээр өвчлүүлэхгүй, өвчилсөн тохиолдолд хөнгөн өвдөх дархлаажуулалтын тогтолцоог бүрдүүлж өгдөг ач холбогдолтойг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган ярьсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд 800 хүүхдийн ор байдаг бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед орны тоог 2000 хүртэл хүчин чадлаа нэмдэг аж. 

Связанные новости