ДАРХАН-УУЛ: Газар нутгийн 61.5 хувь нь бэлчээрийн доройтолд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-20 15:06:51

Дархан, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 327.5 мянган га газар нутагтай. Үүний 61.5 хувь нь бэлчээрийн доройтолд орсон гэж УЦУОШТ-ийн жил бүр хийдэг бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаагаар тогтоожээ.


Бэлчээр доройтно гэдэг нь өвс, ургамлын гарц муу, даац хэтрэх, хүн, байгалийн хүчин зүйлээс шалтгаалж цөлжилт явагдаж эхэлдэг байна.


Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.




Зуны улирлын байдлыг арав хоног тутамд үнэлж, зурагласан мэдээ гаргасан бөгөөд наймдугаар сарын 20-ны байдлаар Дархан-Уул аймгийн нийт нутгаар зуншлагын байдал сайн гарчээ.


Нутгийн 24.3 хувьд бэлчээрийн нөөцтэй, 14.2 хувьд даац хүрэлцээтэй, 61.5 хувьд даац хэтэрч гарсан байна. Үүнд: Дархан сумын ихэнх, Хонгор сумын баруун хэсгээр, Шарын гол сумын баруун хойд хэсгээр бага зэргийн бэлчээрийн нөөцтэй, Орхон сумын ихэнх бэлчээр хүрэлцээтэй, Хонгор сумын зүүн, зүүн өмнө хэсгээр даац 1-3 дахин, баруун өмнө хэсгээр 3-5 дахин хэтэрсэн, Шарын гол сумын ихэнх хэсгээр бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн нь судалгаагаар тогтоогдсон гэж аймгийн УЦУОШТ-ийн Хөдөө аж ахуйн цуг уурын технологич инженер Л.Гүнжидмаа мэдээлэв. 


Дээрх байдал өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ургац ихэнх нутгаар 2-3 дахин багассан үзүүлэлттэй байна.




Энэ жилийн хувьд нийт нутгаар хур бороо элбэг, зуншлага сайн байсан хэдий ч малын тоо их байгаа нь даац хэтэрч ургамлын гарцад нөлөөлжээ. Өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог цөөлөх зэргээр арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатайг холбогдох байгууллага, сумын удирдлагуудад мэдээлэл хүргэсэн байна.

Связанные новости