“Хүрээ” амаржих газрын 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-07 12:10:29

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа.


Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.


Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. Мөн 80 мянган эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм. Түүнчлэн шинэ эмнэлэг нь амаржих газрын стандартад нийцсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн байна.


Тус эмнэлгийн барилгын ажлыг 2022 оны аравдугаар сарын 7-нд эхлүүлсэн бөгөөд яг хоёр жилийн дараа ашиглалтад хүлээлгэн өгч байгаа юм. 








Связанные новости