Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлт нь Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 км, Цагааннуур
сумын төвөөс зүүн урд зүгт 55 км, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 67 км зайд энэ
сарын 9-ний 20:15 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр
хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын
хөрсөн дээр, хүнд болон
барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл
байдаг бөгөөд гурваас
бага магнитудын газар
хөдлөлт хүмүүст онцгой
мэдрэгддэггүй бол 7-гаас дээш
магнитуд хүрэхэд том
талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.
Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь
мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.
Харин 6-7 балл хүрэх
чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.