ДУНДГОВЬ: ЗДТГ-аас уралдаан, тэмцээнд оролцох хүүхэд, залуусыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОНХС-гийн
224,890,000 төгрөгийн санхүүжилтээр 31 хүний суудалтай бага оврын хоёр автобус
худалдан авч, Сайнцагаан сумын ЗДТГ болон Төв халхын дуулалт жүжгийн театрт
хүлээлгэн өглөө.
Тус аймаг 2024 оныг “Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын жил” болгон зарлаж, энэхүү зорилгын хүрээнд хүүхэд, залуусыг аймаг, сумаа төлөөлөн улс, бүсийн чанартай тэмцээн уралдаанд багаараа оролцох боломжийг ийнхүү бүрдүүлж байгаа юм.
2024 онд тус аймгаас тив,
дэлхий, улс, бүсийн спортын тэмцээн, уралдаанд олон хүүхэд, залуучууд оролцож,
амжилт гаргасан. Тухайлбал, оны эхний хагас жилийн байдлаар 127 тамирчин орон
нутгаа төлөөлөн улс, бүс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож, эхний
3 байрт шалгарчээ.
Ташрамд, аймгийн ЗДТГ-аас бүс, улс, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эхний 3 байрт шалгарсан 127 тамирчин, 18 багш дасгажуулагчид 29,080,000 төгрөгийн урамшуулал олгосон байна.