ДОРНОГОВЬ: Д.Баттогтох: Дархан хүн маш үнэнч байх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ӨВ СОЁЛ
Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Говь нутагт гарын ур дүй, урлах ухаанаар мэргэшсэн урчууд олон бий. Тэдний нэг нь Дорноговийнхонд “Бороо” хэмээн хүндлэгдсэн уран дархан Доржпүрэвийн Баттогтох юм.
Сайншандын зүүн хэсгийн гэр хороололд хашаандаа урлангаа байгуулж ажилладаг түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе. 1990-ээд
онд зах зээл эхэлсэн үеэс өөрийн
сонирхол, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн уран дархны чиглэлээр нутгийн дарханд
шавь орж байсан тэрбээр эдүгээ 30 гаруй жил хөдөлмөрлөжээ. Ээмэг, бөгжөөс эхлээд төрөл бүрийн аяга, ахуй хэрэглээний сав суулга, бүс гээд олон төрлийн
үнэт эдлэлийг тэрээр хийж олны хүртээл болгожээ. Мөн дархны ажил хийхээс гадна
төрөл бүрийн гагнуур хийнэ. Өөрийн бүтээлээрээ катологи ч гаргасан байна.
-Уран дархан болж байсан
үеэс яриагаа эхлэх үү?
-Тухайн үед дэлгүүрийн лангуу хоосон тийм л хүнд үе байлаа. Нэг өдөр телевизээр дархны ажил хийдэг хүний яриа гарч байхыг үзэв. Хийж байгаа ажил нь ч таалагдпаа. Ийм л юм хийдэг хүн болъё, ямар нэгэн юм хийе, амьдрал ахуйдаа нэмэр болъё гээд дархан болохоор шийдсэн.
Миний багш Н.Хад Улаанбадрах сумын гаралтай төмрийн дархан хүн байсан. Өглөө очоод ажлынх нь байр /жижигхэн амбаар/-ыг сайхан цэвэрлээд, гал түлээд өрөөг нь дулаацуулаад ирэхийг нь хүлээж суудагсан. Багш ирээд аяганыхаа мөнгийг цохино. Яаж хийж байгааг нь харж дагаж хийнэ. Багш тэр болгон юмыг тодорхой хэлж өгөхгүй. Үйлдлээрээ үзүүлнэ. Түүнийг нь сурахыг хичээдэг байв. Багш “Та нар өөрөө ургуулан бодож сэтгэж хий. Надад олон шавь бий, сурахаасаа сураагүй нь олон доо. Тэвчээртэй хүн л энэ ажлыг хийдэг юм гэж л хэлдэг байлаа.
-Эхний үед хэцүү зүйл
тохиолдож байсан байх?
-Эхний үед бүтэлгүйтэж гараа түлэх, цохих, гэмтээх тохиолдол бишгүй гарч байлаа.Тэр болгонд шантрахгүй байвал нэг л өдөр хийж сурдаг гэдгийг ойлгосон. Дархны ажлыг хүн болгон хийдэг амар ажил биш. Тэсвэр тэвчээр, тэмүүлэлтэй хүн л энэ ажлыг хийнэ. Төмөр металл галд улайлгаад өрөөний темпеартур нэмэгдэх үед хөлс гоожоод л, байж суухын аргагүй болно.
-Анх ямар эд хэрэглэл урлаж
байв?
-Зах зээлийн ороо бусгаа үед дархны багаж хэрэгсэл гэж байсангүй. Хоосон гараас өөр юм байгаагүй гэж хэлэхэд болно. Тэр үед төмрийн хогоос төмөр цуглуулж багаж хийдэг байлаа. Төмөртэй их харьцсанаас үүдэж төмрийн мэдлэгтэй ч болсон. Ямар эд хэрэглэл хийхээс шалгаалж багажаа өөрөө янз бүрээр сэтгэж хийдэг болов.
Жишээ нь төмрийг
улайсгахад ямар ч хатуу төмөр маш зөөлөн болдог. Төмрийг ухаж сийлнэ гэдэг маш
нарийн ухаан шаардддаг. Одоо юм хийе гэж зорьсон хүнд бүх л багаж хэрэгсэл
дэлгүүрт янз бүрээр худалддаг болжээ. Өөрөөр хэлбэл бүх юм бэлэн болсон
байна.
-Аливаа металл хийцтэй
харьцахад тухайн зүйлийнхээ талаар мэдлэг мэдээлэлтэй болдог гэж Та ярилаа.
Байнга суралцдаг байх нь?
-Тэр үнэн шүү. Дархан хийхийн тулд физик, химийн мэдлэг
зайлшгүй хэрэгтэй болдог. Тухайлбал, бодисоо яаж найруулах, гагнуур хийхэд
гясалдайгаа яаж бэлтгэх вэ, алтыг өнгөлөхөд яах вэ гээд л янз бүрийн мэдлэг
шаарддаг. Аливаа зүйлийн талаар практик дээр яаж хийж болох аргад суралцдаг нь
давуу тал юм. Би тухайн хийх гэж байгаа зүйлийнхээ талаар урьдчилаад
ном сонин, сурах бичгээс уншиж мэдэхийг хичээдэг. Мэдээж онолын мэдлэгийн талаар
уншихад толгой эргэмээр л дээ.
-Та ээмэг, бөгжөөс эхлээд төрөл бүрийн аяга, ахуй хэрэглээний сав суулга, бүс гээд олон төрлийн үнэт эдлэлийг хийж олны хүртээл болгожээ. Хүмүүс ихэвчлэн ямар эд хэрэглэлийг танд санал болгон хийлгэж байна вэ?
-Гоёлын зүйлүүд илүү давамгайлдаг. Жишээ нь ээмэг, бөгж, төрөл бүрийн аяга, ахуй хэрэглээний сав суулга, бүснүүд байна. Зарим хүн надад хандаж ”Энэ эцэг дээдсээс үлдсэн алт мөнгө байгаа юм, хүүхдүүддээ ээмэг, бөгж хийлгэе” гээд ирдэг. Гэтэл тэр нь жинхэнэ алт, мөнгө биш байх тохиолдол ч нийтлэг гардаг. Жишээ нь мөнгө биш хэрнээ яг мөнгө шиг харагдах металлаар хийсэн эмээлийн хэрэглэл, бусад эд зүйлс иргэдийн гар дээр их байдаг.
Тиймээс жинхэнэ мөнгө биш шүү гээд сайтар тайлбарлаж ойлгуулдаг. Дээхэн үед хятад дархчууд монгол нутагт амьдардаг байж. Тэд төрөл бүрийн металлыг янз бүрийн аргаар боловсруулж эдлэл хэрэглэл хийгээд хүмүүст худалддаг байж. Бүр их хэмжээгээр хийгээд хоршоонд ч нийлүүлдэг байсан түүхтэй. Үүнийг тухайн үед “Хоршоо цагаан” ч гэж нэрлэдэг байжээ. Мөнгө бол цагаан өнгөтэй. Мөнгөтэй төстэй нь олон бодисын найрлага л байх.
Гэхдээ ээмэг, бөгж хийхийг би тийм ч сонин зүйл гэж боддоггүй. Учир нь цаг үеэ дагаад дээрх эдлэлүүдийн загвар, мөн чанар нь өөрчлөгддөг. Өнөөдөр хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлс нь цайны аяганууд байх жишээтэй. Тэр дархны хийсэн аяга гэж нэрээр дуудахад сайхан л сонсогдоно.
Миний хувьд ч төрөл бүрийн
хийцтэй мөнгөн аягыг олон тоогоор урлажээ. Би олон төрлийн гагнуур хийдэг. Сүүлийн үеийн машины радиаторыг хөнгөн цагаан
металлаар хийдэг болсон. Радиатор цоорлоо, гагнаад өгөөч гэх хүсэлт, гуйлт их ирнэ.
Чадлаараа гагнаж өгч л байна.
-Хамгийн онцлох бүтээл, ур хийц гэвэл юуг
өгүүлэх вэ?
Бурхан шашны эд хэрэглэл цөөнгүй хийжээ. Хийдийн хүрд, очир гээд.
Энэ нь маш нарийн утга учиртай. Жишээ нь шашны номын хүрдийг
тухайн номыг нь уншиж судалж байж хийж өгдөг. Доороо Нацагдорж, дээрээ Бундхорол шүтээн бүхий бэлгэдэлтэй, голд нь маанийн үсэгтэй, эхлэл төгсгөл гээд
их учир бэлгэдэлтэй. Адаглаад л маанийн үсгийг буруу бичиж болохгүй.
-Монголд уран дархны хийцээр алдартай газрууд цөөнгүй бий. Жишээ нь Дарьганга хийц гээд. Та эдгээр хийц бүхий эдлэлийг үзэж сонирхож байсан байх? Харин говийн онцлох хийц гэж байдаг уу?
-Манай говийн гэж хэлэхээр тийм содон сонин хийцтэй эдлэл одоохондоо алга. Гэхдээ олонд танигдсан хийцийг хийгээд өгөөч гэвэл манай говийн дархчууд хийгээд л өгнө. Дорноговьд 1990-ээд оны үеэр нутгийн дархан бараг байхгүй байлаа. Тэр үед гаднаас хүмүүс ирж урлал хийдэг байсан. Харин одоо манай аймаг өөрийн гэсэн дархантай болсон тул гаднаас хүн ирэх шаардлагагүй болсон. Батноров хийц, Ноён сэврэй, Далайчойнхор гээд алдартай дархны хийсэн эдлэлүүд байна.
Тухайн урлалаа илүү боловсронгүй болгож, донж маягийг нь тааруулж, онцлог шинжүүдийг гаргаж хийсэн болохоор тэр нутаг усны нэрээр алдаршжээ. Дээхэн үед алт, мөнгө төдийлөн үнэд орж байгаагүй тул уран дархчууд хийж буй эдлэл хэрэглэлдээ алт, мөнгийг их хэмжээгээр оруулдаг байжээ.
Зарим цаг үед мөнгөөр залуучууд нь бараг тэвэг хийх нь
холгүй байсан гэдэг. Мөнгө ийм үнэгүй байлаа. Тухайлбал, Өмнөговийн алдартай
Ноён сэврэй аяга, Батноров, Дарганга, боржгин хийцийн эмээлийн хэрэглэлүүдэд
мөнгө их орсон байх жишээтэй. Одоо
бол алт, мөнгө үнэтэй болчихсон
учраас эдлэл хэрэглэлд үнэт металл бага
оруулдаг болж.
-Та олон шавьтай юу?
Цөөн тооны сайн шавь бий. Тэд маань өөр өөрсдийн өнгө
төрхийг тодорхойлсон урлан бүтээх ажилдаа шамдан ажиллаж явна. Миний хувьд хэн нэгэн хүн ирээд дархны ухаанд
суралцъя гэвэл мэдэх юм аа хэлээд л өгдөг. Хэнээс ч юуг ч нуухыг хүсдэггүй.
Хүн өөрийн чаддаг юм байвал хүнд шууд хэлээд өгөх хэрэгтэй.
-Дархчуудын үнэлэмж, орлого хэр байдаг вэ?
-Хэр их захиалга авч, хэр сайн юм хийнэ, түүнээс шалтгаалж янз бүр байх болов уу. Энэ бол бичигдээгүй хууль байх аа. Илүү хөдөлмөрлөж байж л илүү үр ашигтай, бүтээмжтэй ажиллана.
-Таны ажилдаа баримталдаг
зарчим юу вэ?
-Хэн нэгэн надад хандаж эдлэл хэрэглэл хийлгэе гэхэд би цааргалалгүй хийгээд өгөхийн төлөө л зүтгэдэг. Дархан хүн маш үнэнч байх ёстой. Хүний үнэт зүйлсийг хүлээн аваад шаардлагатай орцыг нь урлалдаа тусгаж үлдсэн металл гарвал буцааж өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл өглөг авлагаа үнэнээр нь тооцож байх нь чухал юм. Үүнийг би багшаасаа сурсан. Өнөөдөр хүртэл өөрийн ажилдаа зарчим болгон хэрэгжүүлж явна.