СЭЛЭНГЭ: Дэлхийд ховорхон тогтоцтой “Соронзон” хад
ӨВ СОЁЛ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүхэн өв соёлт, үзэсгэлэнт зүйлсийн нэг
бол Хүдэр сумын нутагт орших дэлхийд ховорхон тогтоцтой “Соронзон” хад юм.
Дэлхийд
тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол
орны маань хоймор Сэлэнгэ нутагт нэгэн бахархал болон оршиж байна. Энэхүү хадыг
эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд хэрэглэж иржээ.
Нутгийн ардууд соронзон хаданд очиж үе мөч, гар, хөл, нуруу, бөөрний өвчнөө засдаг байсан байна. Мөн цус харвасан хүн ч энэ хандаас эмчилгээ, засал авдаг ажээ. Харин өвчнөө анагаахын тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилдэг байна.
Энэхүү хад нь бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон наалдуулдаг онцлогтой. Хамгийн сонирхолтой нь цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог.
Сүүлийн үед Соронзон хад нь олны анхаарлын төвд байгаа Төмөртэйн ордын гол цөм хэсэгт байрладаг тул цаашид тус ордны зүгээс олборлолт хийгдвэл сүйтгэгдэн үгүй болох аюул тулаад байгааг нутгийн иргэд ихэд түгшин ярьж байгаа юм.
Хүдэр сум нь Улаанбаатар хотоос 360 км, Дархан хүртэл 230 км, аймгийн төв Сүхбаатар сумаас 170 км зайд орших бөгөөд хатуу хучилттай зам замаар холбогдсоноороо давуу юм.
