Өмнөд Африкийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн авлигын хэрэгт холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-14 11:07:30

ПРЕТОРИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ТАСС/. ӨАБНУ-ын Хөл бөмбөгийн холбооны /SAFA/ тэргүүн Дэнни Жорданыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан тухай тус улсын SABC радиостанц мэдээлжээ.


Мэдээлэлд дурдсанаар, өдгөө 73 настай Жорданыг 1,3 сая ранд буюу 72 мянган ам.долларын  санхүүгийн луйвар хийсэн хэрэгт буруутгаж байна. Тэрбээр өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хөл бөмбөгийн холбооны мөнгөөр хамгаалалтын компанийн ажилтнуудыг хөлсөлж, мөн пиар хийдэг компанитай гэрээ байгуулснаа тус холбооны төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдээгүй ажээ.   


Мөн өчигдөр SAFA-гийн санхүүгийн хэлтсийн дарга болон олон нийттэй харилцах газрын захирлыг баривчилжээ. Богинохон хугацаанд болсон шүүх хурлын дараа баривчлагдсан гурван хүнийг барьцаатайгаар сулласан байна. 


Дэнни Жордан бол 2010 онд ӨАБНУ-д болсон хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах хороог удирдаж байсан гэдгээрээ олон нийтэд танигдсан хүн юм.


Тэрбээр 1990-ээд оны дундуур ӨАБНУ-ын парламентын гишүүнээр ажиллаж, 2000-аад онд ФИФА-гийн харьяа янз бүрийн байгууллагад албан тушаал хашиж байгаад 2013 оноос SAFA-г тэргүүлэх болсон байна. 

Связанные новости