Хүний эрхийн хэрэгжилтийн талаарх хяналтын сонсгол зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-20 15:49:56

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын 22 гишүүний хүсэлтийн дагуу Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголыг зохион байгууллаа.


Сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалж, ХЭҮК-оос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцууллаа.


ХЗДХЯ-наас эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт, Улсын ерөнхий прокурорын газраас эрүү шүүлт тулгах гэмт хэрийн талаар, Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэр, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн тухай мэдээлэв. Мөн, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаарх ЗХЖШ, ГБХНХЯ, ЭМЯ-ны мэдээллийг сонсож, оролцогчид саналаа илэрхийлэхээс гадна иргэдээс бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг хүргэсэн юм.


Хяналтын сонсголд ажиглагчаар оролцох хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын 37 төлөөлөл оролцож байгаа бол ТББ, иргэдийн төлөөллөөр оролцохоор 75 хүн бүртгүүлсний 46 нь, мөн оролцох хүсэлтээ ирүүлсэн 122 оролцогчийн 85 нь иржээ.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “УИХ-ын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно” гэж заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцлоо.


УИХ-аас зохион байгуулж буй хяналтын сонсгол нь олон нийтийн оролцоотой явагддаг хэлэлцүүлэгтэй адилгүй, зөвхөн УИХ-ын хяналт шалгалтын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмаар зохион байгуулагддаг аж

Связанные новости