“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний
хөдөлгөөний хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн
яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал”
үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Үндэсний зөвлөгөөнийг нээж Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь улс орны хөгжилд нөлөө үзүүлдэг болохыг дурдлаа. Монгол хүний дундаж наслалт 71.5 байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр богино байгааг онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн “Зан байдал, зуршил нь сэтгэл зүй, сэтгэцийн улмаар бие махбодын эрүүл мэндэд шууд нөлөөлдөг" гэдгийг дурдаад, монгол хүн бүр хорт зуршлаас ангид байж, эрүүл мэнддээ анхаарах нь өрхийн төдийгүй улс орны хөгжилд үнэ цэнтэйг тодотгов. Монгол Улсын хэмжээнд 880 ерөнхий боловсролын сургууль байгаагаас 150 нь л сэтгэлзүйчтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт гээд өсвөр насны хүүхдүүд, залуучуудын сэтгэлзүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч, үнэ цэнтэй санал санаачилга гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дээрх сэдвийн хүрээнд цаашид хийх ажлаа танилцууллаа. Тэрбээр, “Сэтгэл зүйн цогц тусламж үзүүлэх, эрүүл мэнд, нийгэм хамгааллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр та бүхэн тал бүрээс нь хэлэлцэх нь нэн чухал юм. Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны хязгааргүй, хяналтгүй мэдээллийн нөлөө, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн хямрал, нийгмийн бухимдал, хүчирхийлэл, амиа хорлолт гээд хувь хүний болон нийгмийн сэтгэлзүйн олон эмгэг эрс нэмэгдлээ. Үүнийг бууруулахын тулд дан ганц эрүүл мэндийн салбар ажиллах нь хангалтгүй. Сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусгахад боловсролын байгууллага ажиллах, 50-иас дээш ажилтантай аж ахуй нэгж бүр сэтгэл зүйчтэй байх, эрүүл мэндийн байгууллагуудад сэтгэлзүйн тусламж үзүүлэх, нөөцийг нэмэгдүүлэхэд оновчтой хэрэгжүүлэхүйц төлөвлөлт, салбаруудын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх механизм шаардлагатай. Тиймээс Эрүүл мэндийн сайдын хувьд хэд хэдэн ажил төлөвлөсөн.
Тухайлбал, сэтгэл судлалын төрөлжсөн мэргэжилтэн, тархи судлал, нийгмийн сэтгэл зүйчдийг холбогдох талуудтай хамтран бэлтгэх юм. Сэтгэцийн эмчийн төрөлжсөн мэргэжлийг хөгжүүлэн бэлтгэх, түүнчлэн аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, сэтгэл зүй, сэтгэцийн эмч, аддиктологч, нийгмийн ажилтан, сэтгэцийн сувилагч бүхий багийг бэлтгэн ажиллуулах тусламжийг өргөжүүлэх нь чухал. Энэ хүрээнд нийслэлийн ХУД-ийн Эрүүл мэндийн төвд архинд донтох эмгэг бүхий иргэдэд үйлчлэх, мөн сэтгэц, нийгмийг сэргээн засах нэгжийг 2024 онд ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн чуулганд эрүүл мэндээс гадна, боловсрол, нийгэм хамгаалал, хууль хүчний салбарт, ажиллаж буй төлөөлөл оролцож байгаа учраас сэтгэл зүйн үйлчилгээг өргөжүүлэхэд салбарын уялдаа, чиг үүргийн оновчтой байдлаас үр дүн нь хамаарах тул та бүхэн хэлэлцэж, хэрэгжихүйц шийдэл, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна. Зөвлөгөөнөөс гарах санал санаачилгыг бүх талаар нь дэмжинэ, хамтран ажиллах болно” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан үг хэлэхдээ, “Дэлхий дахинд эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг чухалчлан үзэж байгаа цаг үед “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлоход хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн зөвлөгөөний оролцогч бүрд тэрбээр чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн талаар товч танилцуулаад хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөө, үр дагаврыг дурдсан. Өрхийн орлого нь нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалтай уялдаатай байдгийг тоо баримтад үндэслэн тайлбарлаад, өрхийн зарлага орлогоосоо тодорхой хувиар, тогтмол их байгаа нь гэмт хэрэг нэмэгдэж, гэр бүл салалтад нөлөөлж байгааг дурдлаа. Түүний хувьд манай улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгааны дүнг танилцуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолт, депресс, архины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн, үүнээс үүдсэн үр дагаврыг тайлбарлав. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт өөр үр дүнтэй байгааг судалгаанд дурджээ. Сэтгэл гутралын түвшнээр манай улс олон улсын дунджаас дээгүүр, амиа хорлолтын талаарх тоогоороо бүс нутаг, олон улсын дунджаас мөн өндөр байгааг танилцуулсан юм.
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдэвт илтгэлээр үргэлжилж байна.