ХӨВСГӨЛ: Музейн сан хөмрөгт нэмэгдсэн үзмэрүүдийг танилцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей цуглуулгын бодлогынхоо хүрээнд судалгаа хийж энэ онд 120 орчим үзмэрээр сан хөмрөгөө баяжуулжээ.
Сан хөмрөгөө баяжуулсан үзмэрийн дээжсээр түр үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцуулж байна.
Түр үзэсгэлэнд XX зууны эхэн болон дунд үед холбогдох нэхий дээл, нум сум, хүүхдийн хашлага ор, сав, суулга, гэр ахуйн хэрэглэлийн холбогдолтой үзмэрүүд багтжээ.
Тус үзмэрүүд Арбулаг, Мөрөн, Эрдэнэбулган, Баянзүрх, Тосонцэнгэл, Их-Уул, Завхан аймгийн Их-Уул, Галт зэрэг сумаас ирсэн ихэвчлэн угсаатны зүйн холбогдолтой ховор үзмэрүүд гэдгийг Хөвсгөл аймгийн Төв музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа хэллээ.
Хөвсгөл аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд музей болон өргөжсөн байна. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ.
Тус аймгийн Төв музей өнөөдөр сан хөмрөгтөө 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.