Б.Ачбадрах Солонгосын нээлттэй тэмцээний аварга болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Пёнчан хотын Олимпын спорт цогцолборт Солонгосын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.
79 дэх удаагийн тэмцээнд манай Солонгосоос гадна Монгол, Тайвань, Ирланд зэрэг орны 100 орчим тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайн уралдаан болсон бөгөөд манай улсаас оролцсон Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах түрүүллээ. Тэрбээр 46:07.9 цагийн амжилтаар бүх тамирчныг тэргүүлж, тус улсын үндэсний тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил энэхүү нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2025 онд амжилтаа ахиулан төрийн дууллаа эгшиглүүлэв.
Энэ зайд манай өөр нэг тамирчин 18 настай Т.Өсөх-Ирээдүй 49:47.0 цагийн амжилтаар зургадугаар байр эзэлсэн байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд 17 настай Н.Нандинцэцэг 43:37.2 цагийн амжилтаар 10 дугаарт барианд оржээ.
79 дэх удаагийн Солонгосын
үндэсний аварга шалгаруулах тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 30, эмэгтэйчүүдийн 20
км-ын цуваа гараатай уралдаанаар үргэлжилнэ.