Хүдэр, Онги гол, Сэлэнгэ мөрний зузаан 5-10 см-ээр нимгэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэдийг зам товчлох зорилгоор гол дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав.
Учир нь, өчигдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага, зарим голд харз, халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрсэн байна. Тухайлбал, Хүдэр, Онги гол, Сэлэнгэ мөрний зэрэг мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрчээ. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон санууллаа.
Дашрамд дурдахад, маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3–8 хэмээр хүйтрэх төлөвтэй байна. Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дундаж, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөв гарчээ.
Тиймээс иргэд,
малчид, тээвэрчдийг цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай
бүрд хүлээн авч, хувийн бэлтгэлээ сайтар хангахыг анхаарууллаа.