“Судрын долгион Туул” хос бүтээл хөшгөө нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Судрын долгион Туул” хэмээх шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат кино болон номын нээлт энэ сарын 25-нд "Prime cineplex" Азийн сүлжээ кино театрт боллоо. Энэхүү ижил нэртэй хос бүтээлийг найруулагч Д.Зоригт, Б.Бадрал тэргүүтэн “Сав шим газар зүйн нэгдэл”-ийн уран бүтээлчид туурвисан байна.
Хаан уулын ар Хатан Туулын хөвөөнд мэндэлж эрэг
дээр нь өссөн хийгээд Туулын уснаас ундаалж, ариун усаар нь угаасан
Улаанбаатар хотын иргэн та Туул голынхоо тухай
юуг мэдэх, бас
юуг мэдэхгүй, бүр юуг мэдэх ёстой вэ гэдгийг энэ ном, энэ кинонд яруу тансаг өгүүлжээ.
Монгол орныхоо байгалийг дэлхийн жишигт дөтөлсөн шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат киноны түвшинд зураглан хүүрнэх зорилготой “Сав шим” нэгдлийн уран бүтээлчид хоёр жилийн турш Туул голын олон арван цутгал, гол горхи, нуур тогтоол бүхий ай саваар 7000 гаруй км аялж, уул хайрхан ус булаг бүрийг нь зурагласан байна.
Туул гол нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Номин, Нэргүй хэмээх 2 голын уулзвараас Туул гэдэг нэрийг авч 840 км урссаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд цутгадаг.
Энэхүү эрхэмсэг их мөрний эхнээс аваад адаг хүртэлх үзэмж төгс байгалийг, мянга мянган жилийн яруу түүх намтартай нь, ёстой л долгион бүр нь хөлгөн их судрын хуудас болохыг догдлон мэдрэхүйц, гэхдээ хуурай баримтуудыг тоочилгүй, уран сайхны кино шиг нэн өвөрмөц хэлбэрээр уг киног бүтээснээрээ онцлог юм.
Уг ном дахь Туул голын сав газрын физик газар зүйн зураг
Тус кинонд нэг ч хүн гарахгүй бөгөөд хүн үгүй байгаль ямар байдгийг харуулсан нь уран бүтээлчдийн бас нэг өвөрмөц өнцөг гэж хэлж болно.
Танхим дүүрэн үзэгчтэй баримтат киноны нээлт Монголын киноны түүхэнд ховор байсныг энд хүрэлцэн ирсэн ахмад мэргэжилтнүүд дурдангаа, "Кино найруулагч Б.Бадрал их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат кинондоо өмнө нь хөндөгдөж байгаагүй баримтуудыг дэлгэснээрээ судлаачдын анхаарлыг ихэд татсаныхаа адил "Судрын долгион Туул"-аараа ч баримтат киноны түүхэнд цахиур хагалж буй"-г тодотгож байв.
Үнэхээр таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран урсдаг Туул голын сав газрын байгалийн бүс бүслүүрүүд, хамгийн өндөр цэг Асралтхайрханаас эхлээд хамгийн нам цэг, ан амьтад, нуур тойром, эртний хот суурингууд гээд баялаг мэдээллийг багтааснаараа Туулын уснаас ундаалагч хүн бүрд “амтлаг” сайхан уран бүтээл болсон байна.
Тухайлбал, дөрвөн зүг найман зовхист нь 1000 уулын бараа харагдах харууцтай уулыг “Хаан уул" хэмээн өргөмжлөх уламжлал монголчуудын дунд байжээ.
Харин мянган гол горхи булгийн усыг өөртөө нэгтгэн хүлээн авдаг голыг монголчууд “Хатан гол” гэж цоллон дээдэлдэг байна. Учир нь, 1000 голын усаар аравнайлсан голын ус эхийн хэвлий дэх ураг бүрэлдэх устай эн тэнцүү ариун чанартай болдог учраас тэр юм гэж уг кинонд өгүүлжээ.