ӨВӨРХАНГАЙ: Бага ангийн сурагчдын 80 хувь нь ясны сийрэгжилттэй байгааг судалгаагаар тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-20 20:39:05

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сургуулийн бага ангийн сурагчдын 80 хувь нь ясны сийрэгжилттэй байгааг ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн удирдагч Морито Үтако хэллээ.


Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас уг төслийг Арвайхээр сумын 4, 5 дугаар сургуульд 2025 он хүртэл гурван жил хэрэгжүүлж байна. Төслийн багийн судалгаагаар 1-5 дугаар ангийн сурагчын дийлэнх нь кальци, витамин, эрдэс бодисын асар их дутагдалд орсон хэмээн тогтоожээ.


Тиймээс сурагчдын үдийн хоолны цэсийг шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан хоолоор сайжруулах, үдийн хоол бэлтгэх орчныг бүрдүүлэх, хоол үйлдвэрлэлийн ажилчдыг чадавхжуулахаар ажиллаж байгаа юм.


Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх шаардлагатай ч өдрийн 2500 төгрөгийн өртөг бүхий хоолны цэсэнд олон зүйлийг багтаах боломжгүй. Гэсэн ч Монголын нөхцөл, боломжид тохирсон, шим тэжээл сайтай хоолны цэс бүхий номыг гарган мөрдлөг болгож байна. Мөн төсөл хэрэгжиж буй сургуулиудын гал тогооны техник хэрэгслийг шинэчлэн, хүлэмж байгуулж, мэргэжлийн хоол зүйчийн орон тоогоор хангажээ.


Төслийн удирдагч Морито Үтако аймгийн орлогч дарга М.Батзоригтой уулзах үеэрээ төсвийн явц, үр дүнг танилцуулж, хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрийн талаар санал солилцлоо.


Япон Улс нь сургуулийн хоолны хуулийг 1954 оноос хэрэгжүүлж буй туршлагатай улс юм. Харин манай улсын тухайд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталжээ.

Связанные новости