АРХАНГАЙ: Луу гүний хүрээний цогчин дуган 200 гаруй жилийн түүхтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн арван сумын нутагт улсын хамгаалалтын зэрэглэлд ордог түүх, соёлын 22 үл хөдлөх дурсгал байдгийг цувралаар танилцуулна.
Энэ удаад Батцэнгэл сумын нутагт орших Луу гүний
хүрээний цогчин дуганы талаар мэдээлэл бэлтгэлээ.
Их хэлмэгдүүлэлтийн үед сүм хийдүүдийг нурааж устгахад хагас дутуу үлдэж хоцорсон цөөн хийдийн нэг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд орших хуучин Луу гүний хошууны "Тарвачанбуулин" хийд ажээ. Чулуу, тоосгон 8, модон 2, нийт 10 дуган, 8 дацан 10 жасаатай 500 гаруй ламтай үйл ажиллагаа явуулж байсан уг хийдийг 1800-гаад онд барьж эхлээд, 1846 онд бүрэн дуусгасан байна.
Таравчамбуулин гэсэн утга нь Заяын гэгээн 1800-гаад оны үед /төмөр луу жил/ энэ нутгаар морилж явахдаа Таравчэнбу судар, олбог хоёроо унагаснаас үүдэлтэй уг хүрээ үүссэн түүхтэй. Анх Сайн ноён ханаас энэ хошууг тусгайлан байгуулахдаа хошуу захирагчаар Туслагч гүн гэдэг нэр мяндагтай хүн ажиллаж байсан ба хүрээ хийд анх байгуулах үед Луу гүн буюу Лувсанхайдав гүн хошуу захирагч байснаар Луу гүний хошуу хэмээн алдаршжээ.
Төвөд загвараар барьсан Луу гүний хүрээний уг барилга нь улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтын нэгт “Луу гүний хүрээний цогчин дуган” нэрээр бүртгэгдсэн байна.
Тус хийдийн гол шүтээн нь Дамдинянсан, Ядам. Гол сахиус нь Лхам ажээ.
200 гаруй жилийн түүхтэй Луу гүний хүрээ буюу Таравчамбуулин хийдийг залгамжлан Батцэнгэл сумын төвд 1990 оны 6 дугаар сарын 13-нд анхны хурлаа хийснээр шинэ цагийн Таравчамбуулин хийдийн эхлэлийг тавьжээ.
Одоо тус хийд 11 ламтай өдөр тутмын цогчин хурлаас гадна шинийн найманд Манал, 15-нд Доодүдэв, 23-нд Сахиус, 25-нд оройн ерөөл, 29-нд Чойжоодүгжүү тус тус хурна. Өвлийн адаг сарын 26-наас сахиус тахиж, битүүнд Цэдэрлхам хурж, хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15 хүртэл Ерөөл хурж байна.
Тус
хийд нь 60х70 метрийн хэмжээ бүхий
банзан хашаатай, өмнөд
болон зүүн талаараа 1.6 м
өндөр 45 суваргатай. Дуганын
хаалганаас урагш хуучин хүрээнд ашиглагдаж байсан 2 м өндөр сангийн бойпор байх
ба зүүн талд нь шинэ хийдийн 10 жилийн ойгоор босгосон бодь суварга бий. Тус
хийд нь лам нарын тоо, материаллаг баазын хувьд бэхэжсэн хурал номын үйл нь
харьцангуй тогтворжсон хөдөө
орон нутгийн шинэ цагийн хийдүүдийн нэг
юм.