“Урт цагаан”-ы суурин дээр барих цэцэрлэгт хүрээлэнг гуравдугаар сараас барьж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-27 11:44:13

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн суурин дээр барьж буй далд зогсоолын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бол цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг гуравдугаар сард эхлүүлнэ.


Тус төвийн барилгыг өнгөрсөн оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн билээ.


Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ярихдаа, “Урт цагаан”-ы суурин дээр таван блок далд гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Одоогоор 109 машины зогсоолтой далд гараашны төмөр, бетон бүтээцийг бүрэн дуусгасан байгаа.


Цэцэрлэгт хүрээлэнг дулаарч эхлэхээр барих нь тохиромжтой учир гуравдугаар сараас ногоон байгууламж, явган хүний зам, усан оргилуурыг хийж эхэлнэ. Цэцэрлэгт хүрээлэнг зундаа багтааж дуусгахаар давхардсан тоогоор 4400 гаруй хүн ажиллаж байна” гэв.


Хүйтний улиралд барьж байгаа учраас бетоны чанарыг алдагдуулахгүйн тулд дулаан хадгалах технологи ашигладаг аж. Одоо барьж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзэлж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Связанные новости