ДУНДГОВЬ: Ирэх 4 жилд “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд тус аймаг 7 дэд хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар
асуудлыг хэлэлцэж, Нээлттэй Дундговь, Цахим Дундговь, Оюунлаг Дундговь, Эрүүл
Дундговь, Малчин, мал аж ахуйг дэмжих, Аялал жуулчлалыг дэмжих, Хүний нөөцийг
дэмжих дэд хөтөлбөрийг баталсан юм.
2023 оны жилийн эцсийн байдлаар тус аймаг 46,1 мянган
иргэнтэй байгаа нь Монгол Улсын нийт хүн амын 1.36 хувийг эзэлж байна. Сүүлийн
жилүүдэд шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо цөөрч, орон нутагт ажиллах боловсон
хүчний хангалт сайнгүй байгааг тус хуралдаанаас онцолсон юм.
Тиймээс орон нутагт шилжин ирэх иргэд, мэргэжилтэй
боловсон хүчнийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх,
шинээр ирж суурьших аж ахуйн нэгжийг дэмжин орон нутгийн бие даан хөгжих
нөхцөлийг бүрдүүлэх шаардлагад үндэслэн “Нээлттэй Дундговь” дэд хөтөлбөрийг
боловсруулсан байна.
Тус хөтөлбөрт “аймгийн онцлог, өв соёл, эдийн засгийн
боломж, нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад, дотоодод сурталчлах”
зорилтын хүрээнд 7, “иргэдэд ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах
орчин нөхцөлийг бүрдүүлэх” зорилтын хүрээнд 7, “хөрөнгө оруулалтын орчинг
сайжруулах замаар төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, аж ахуйн нэгж
байгууллагад үйл ажиллагаа эрхлэхэд таатай орчинг бүрдүүлэх” зорилтын хүрээнд 8,
Олон улс болон төр, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд 4 үйл
ажиллагааг тус тус төлөвлөжээ.
Тус аймагт хэрэгжүүлэхээр баталсан дараагийн хөтөлбөр нь “Цахим
Дундговь” дэд хөтөлбөр. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг
ашиглан, шинэ технологи нэвтрүүлж, төрийн үйл ажиллагааг цахимжуулах замаар мэдээллийн
урсгалыг сайжруулж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах нь уг хөтөлбөрийн
зорилго юм.
Орон нутгийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй
боловсон хүчнээр хангах үйл ажиллагааг Дундговь аймаг 2020 оноос эхлэн
бодлогоор дэмжин хэрэгжүүлж байна. Засаг даргын үйл ажиллагааны 2025-2028 оны үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэхүү бодлогыг үргэлжлүүлэхээр тусгаж, ирэх 4
жилд “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрийг ийнхүү хэрэгжүүлэхээр баталлаа.
Үр дүнд чиглэсэн, хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг
төрийн албыг бүрдүүлж, аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн өрсөлдөх
чадвар, удирдлагын манлайллыг дээшлүүлэх нь энэхүү хөтөлбөрийн зорилго юм.
Аймаг орон нутагт салбар бүрт шаардлагатай боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж,
чадавхжуулах нь дэд хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа болно.
Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны /2021-2030/
төлөвлөгөөнд “Монгол Улсын иргэний хөгжлийн хэрэгцээг хангахуйц чанартай,
нээлттэй, тэгш хүртээмжтэй, уян хатан боловсролын үйлчилгээнд тулгуурлан
мэдлэгт суурилсан нийгэм болон дижитал технологийн эринд ажиллаж амьдрах
нийгмийн идэвхтэй оролцоо бүхий, тасралтгүй хөгжих чадамжтай иргэнийг цогцоор
нь хөгжүүлэх зорилгыг тодорхойлсон
байдаг.
Тиймээс энэхүү төлөвлөгөөтэй уялдуулан Дундговь аймаг “Оюунлаг
Дундговь” дэд хөтиөлбөрийг баталлаа. Энэхүү бодлогын хүрээнд “багш, ажилтны
орон нутагтаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллахыг дэмжиж мэргэжлийн мэдлэг, ур
чадварыг дээшлүүлэх”, “сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх түвшний
боловсролын чанарт ахиц гаргах”, “иргэдэд насан туршдаа суралцахуйн чиглэлээр
мэдлэг эзэмшүүлж, тэдний оролцоо, хамтын ажиллагаанд суурилан хүүхдийн хөгжил
хамгааллыг сайжруулах” асуудлыг тусгасан байна.
Хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг, амьдралын
зөв дадал хэвшилгүйгээс шалтгаалан халдварт болон халдварт бус өвчнөөр өвдөх
эрсдэл их байгаа тул иргэдэд хүүхэд наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгож,
амьдралын зөв дадал хэвшилд сургах, улмаар иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, өвчлөлийг
эрт илрүүлэн хүндрэл, нас баралтыг бууруулах замаар эрүүл мэндэд ээлтэй орчин
бүрдүүлэх хэрэгцээнд тулгуурлан Дундговь аймаг мөн “Эрүүл Дундговь” дэд
хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд “хүн амын дунд зонхилон тохиолдох
өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх”, “эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг,
мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ
технологийг нэвтрүүлэх”, “иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж,
өвчлөл, нас баралтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах” 3 зорилтыг
дэвшүүлжээ.
2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дундговь аймаг
3,4 сая мал тоолуулсан. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой нэмэгдэж байгаа
ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын
чанар буурсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархалт нэмэгдэх
хандлагатай болсон, малын гоц халдварт өвчин нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас малчдыг
чадавхжуулах, тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ байна хэмээн
үзэж, “Малчин, мал аж ахуйг дэмжих” дэд хөтөлбөрийг боловсруулжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд “малчдыг соён гэгээрүүлж мэдлэг,
мэдээллээр хангах, тэдний сайн туршлагыг
түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх”, “малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх, чанартай түүхий
эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг бий болгох”, “бэлчээрийн
менежментийг сайжруулж, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, таримал, гар тэжээл
үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, “мал,
амьтныг эрүүлжүүлэх, түүнд хяналт тавьж, эрүүлийг баталгаажуулах” 4 зорилт
дэвшүүлж, 17 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнээс гадна Дундговь аймаг аялал, жуулчлалын бүтээгдэхүүн,
үйлчилгээг нэмэгдүүлэн, гадаад, дотоодын жуулчдын аялах таатай орчныг бүрдүүлэн
аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалыг дэмжих” дэд
хөтөлбөрийг баталлаа.
Тус дэд хөтөлбөрийн хүрээнд 3 зорилт, 17 үйл ажиллагааг хэрэгжүүлснээр
стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны бааз, дагалдах үйлчилгээг
хөгжүүлж, гадаад, дотоод жуулчдын тоог нэмэгдүүлэхээр тооцжээ.
Ийнхүү ирэх 4 жилд Дундговь аймгийн хувьд “эдийн засгийн
өрсөлдөх чадвар өсгөх, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний хүчин чадлыг
сайжруулах, тасралтгүй найдвартай байдлыг хангасан авто замын сүлжээ бий болгон
чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдсэн аймаг
болох” зорилго дэвшүүлж, “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” аймгийг байгуулахаар
төлөвлөлөө.