ГОВЬ-АЛТАЙ: Н.Сэлэнгэ дэлхийн цомд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-27 14:18:16

Есөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын дэлхийн цомд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо. 


Швейцарын Саас-Фийд хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ түрүүлж, алтан медаль хүртлээ. Энэхүү тэмцээн нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болсон ба тэмцээнд 20 орны 125 тамирчин мөсөнд авиралтын хурд болон техникийн төрлүүдэд өрсөлджээ.


"Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ нь нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд БНСУ-ын Чонсон хотод олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй хурдны төрөлд мөнгөн медалийн болзол, Ази тивийн Мөсөнд авиралтын алтан медалийн болзлыг хангасан юм.

Связанные новости