ГОВЬ-АЛТАЙ: Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-04 11:54:52

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагналаа.


Монголын говьд анх 1975 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар Говийн их дархан цаазат газар, хамгаалалтын захиргааг байгуулсан нь Монголдоо төдийгүй дэлхийд эхний аравдугаарт ордог том эко системийг бүхэлд нь хамгаалалтад авч, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн нутаг юм. 


Үүний сацуу говь цөлийн өвөрмөц эко системтэй амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд ач холбогдол бүхий онцгой газар нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн чухал ач холбогдолтой юм.  


Говийн их дархан цаазат газар байгуулагдсан цагаас хойш ”Говийн их дархан газрыг хөгжүүлэх”, “Тахь нутагшуулах”, “Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах”, “Говийн баавгай”, “Хавтгай тэмээ үржүүлэх”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. 


Үүний үр дүнд өдгөө 350 гаруй тахь, 52 мазаалай, 500 гаруй хавтгай тэмээ, 11000 орчим хулан, 8000 орчим хар сүүлт зээр өсөн үржиж байгааг Монголын эрдэмтэн судлаачид болон ХБНГУ, АНУ, Франц, Недерланд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, БНХАУ, Чех улсын судлаачид тогтоожээ. 


Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль хамгаалахад тэдний оролцоог хангах, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа хийх зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харуулж байна хэмээн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Связанные новости