Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-01-28 08:57:10

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баруун болон төвийн аймгуудын нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлэрхэг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.


Ихэнх нутгаар ойрын хоногуудад хүйтэн хэвээр хадгалагдана.

Связанные новости